Ням гарагт /2921.06.13/ Израилийн Кнессетийн (парламент) гишүүд шинэ эвслийн Засгийн газарт итгэл үзүүлснээр тус улсын Ерөнхий сайдаар 12 жил ажилласан Биньямин Нетаньяху албан тушаалаасаа буулаа. Энэ тухай Times of Israil мэдээлэв.
Кнессетийн 120 гишүүд 60-59 саналын харьцаатайгаар олон нам эвслийн нэгдэл болсон шинэ Засгийн газарт итгэл хүлээлгэсэн байна. Санал хураалтын дараа "Ямина" намын дарга Нафтали Беннетт Ерөнхий сайдын тангараг өргөжээ.
Израильд хоёр жилийн хугацаанд дөрвөн удаа сонгууль явуулсан бөгөөд “Ямина” намын удирдагч Нафтали Беннет, “Еш Атид” намын удирдагч Яир Лапид нар байгуулсан засгийн газарт итгэл үзүүлснээр ийнхүү улс төрийн мухардмал байдлаас гарав.
Энэхүү засгийн газар нь түүхэндээ байгаагүй хамгийн олон буюу найман нам эвслийн бүрэлдэхүүнтэй Засгийн газар болж байгаагаас гадна Арабын нам анх удаа багтаж байгаагаараа онцлогтой юм.
Хоёр жилийн дараа ротацийн дүрмийн дагуу засгийн эрхийг “Еш Атид” намын удирдагч Яир Лапид авах болно.