Манай улсад оршин сууж буй гадаадын 12 орны 76 иргэнийг өнгөрсөн хоёрдугаар сард Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас 19 сая 732 мянган төгрөгөөр торгожээ. Дээрх иргэд Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, зорчих, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн аж.
12 аж ахуйн нэгж, байгууллага хариас урьсан иргэнээ зохих хугацаанд нь бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацааг нь хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчил гаргасан тул 6.7 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулав.
ГИХАЭГ улсын төсөвт нийтдээ 26 сая 440 мянган төгрөг төвлөрүүлжээ. Гадаадын таван орны 18 иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан хэрнээ буцахаас зайлсхийсэн, түр ирэгч виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж, захиргааны хариуцлага хүлээсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, Монгол Улсын шүүхээр ял шийтгүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан байна. Тэднийг ГИХАЭГын даргын тушаалаар албадан гаргажээ.
Х.ЭРХЭМ