Зэвсэгт хүчний 337 дугаар ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан хоёр хүний амь нас хохирсон хэрэг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гарчээ. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалж “Өнгөрсөн бямба гаригийн шөнө Налайх дүүрэгт байрладаг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 337 дугаар ангийн гэрээт харуул 38 настай Л-тэй хамт үүрэг гүйцэтгэж байсан харуул Г архи уусан юм билээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар Г нь Л-ыг хутгалж амь насыг нь бүрэлгэсэн байна. Дараа нь өөрийнхөө цээжин тус газар хутгалж амиа хорлосон” гэв.
ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын харьяа 337 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид байдаггүйгээс иргэдтэй гэрээ байгуулж, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлдэг, улсын онцгой объект аж. Энэ ангийн гэрээт харуулууд чухам юунаас болж нэгнийхээ аминд хүрэх болсон талаар тус ангийн нэрээ хэлэхийг хүсээгүй офицероос лавлахад “Болсон асуудал үнэн. Гэхдээ энэ хүмүүс Зэвсэгт хүчний хугацаат болон гэрээт цэрэг биш. Бид асуудлыг тодруулахаар Ажлын хэсэг гарган шалгаж байна” гэв.
Харин ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Иргэн, цэргийн харилцааны хэлтсийн дарга, дэд хурандаа З.Баярмагнай “2011 оны гуравдугаар сарын 05-нд Зэвсэгт хүчний 337 дугаар ангитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан иргэн Л, Б нар хутгалуулсан байдалтай нас барсныг ангийн жижүүр олж мэдээд, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламжийн төвд мэдэгдсэн. Одоогийн байдлаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Ажлын хэсгийнхэн хэргийг тодруулахаар ажиллаж байна” гэлээ.
Г.РАВЖАА