Долоон кг мансууруулах бодис бэлтгэн, хадгалж байсан залуусыг өнгөрсөн намар ЭЦГын ажилтнууд илрүүлэн УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх тасагт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг хэрэгт рок хөгжим сонирхогч 12 залуу холбогдсоны дунд “The Lemons” хамтлагийн дуучин Ц.Одбаяр, аргил гитарчин Д.Анар болон “A-Line”, өөр нэгэн хамтлагийнхан холбогдсон.
Тэдгээр залуугийн гэр, найз бүсгүйчүүд, хамтран амьдрагчийндаа нууж байсан нэлээд хэдэн хайрцаг, шуудайтай нэг төрлийн өвсийг эд мөрийн баримт болгож хураан авчээ. Хурааж авсан өвснийхөө дээжээс Гаалийн төв лабораторид шинжлүүлэхэд каннабис хэмээх ургамал гэж дүгнэсэн аж.
Энэ хэргийг УМБГ-т шалгаж дуусаад, НПГ-т шилжүүлсэн. Прокурор уг хэрэгтэй танилцаад зарим холбогдогчийн үйлдэл нь хангалттай нотлогдоогүй гэж үзсэн байна.
Тухайлбал, “The Lemons” хамтлагийн дуучин Ц.Одбаярын үйлдэл хангалттай нотлогдоогүй гэж хууль хяналтын байгууллагынхан үзээд хэрэгсэхгүй болгожээ.
Харин тус хамтлагийн аргил гитарчин Д.Анар нарын хэд хэдэн хүний хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлээд байна.