Орлого багатай, ажилгүй, мэдээлэл хомс монгол бүсгүйчүүд маань гэмт хэргийн золиос болох нь цөөнгүй. Ялангуяа, мансууруулах бодисын болон хүний наймааны золиос болж, харь нутагт бие, сэтгэлээрээ хохирсон нь олон. Элэг нэгт монгол бүсгүйчүүдээ худалдаж, мөнгө олдог таван хүнд холбогдох хэргийг өнгөрсөн баасан гаригт нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэж, ял ногдууллаа.
2007 онд илрүүлсэн энэ хэргийг Улсын Дээд шүүхээс өнгөрсөн оны сүүлчээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм. Нэр бүхий 5-6 хүнийг Хонконг, Макао, Малайзад худалдсан хэрэгт шүүгдэгч Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарыг буруутгажээ.
Г.Батдэлгэр нь тухайн үед 19 настай, БНХАУ-д суралцаж бай сан нэгэн бөгөөд суралцаж байхдаа хүмүүстэй танилцаж, уг хэргийг анх сэджээ. Улмаар хамтрагч нараараа дамжуулж охид, бүсгүйчүүдийг Макао, Малайз, Хонконгод өндөр цалинтай, бүжигчний ажилд оруулж өгнө гэсэн нэрээр хохирогч нарыг уургалан аваачиж худалджээ.
Г.Батдэлгэр тэднийг дээрх газруудад хүргэдэг байсан бөгөөд Макаод худалдсан бүсг үйчүүдийнхээ орлогоос нь үйлчилгээнд гарсан тоо, цагийг нь бүртгэдэг дэвтрийг нь шүүж байгаад 10-20 хувийг авдаг байсан аж. Харин Малайз, Хонконгод бүсгүйчүүдийг бэлэн мөнгөөр худалдсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон гэж үзээд прокурор Ц.Насанбат тэдэнд Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан “Бусдын эмзэг байдлыг далимдуулж мөлжих зорилгоор бүлэглэн хил давуулан худалдсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхээр хэлэлцүүлэхээр шилжүүлсэн байна.
Өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүх энэ хэрэгт холбогдогч нарт 6-7 жилийн хорих ял оноосон байсан бөгөөд өмгөөлөгч нар нь ял хүндэдсэн, хууль буруу хэрэглэсэн хэмээн Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын хурлаас шүүгчдэгч нарт оноосон ял хөнгөдсөн гэж үзээд буцаасан аж. Энэ төрлийн гэмт хэргийг шүүх хохирогч дын эрх ашиг, нэр хүндийг хамгаалах үүднээс хаалттай хэлэлцдэг бөгөөд хохирогч, холбогдогч, тэдний өмгөөлөгч, прокурорыг оролцуулан хэлэлцдэг.
Өнгөрсөн баасан гаригт болсон шүүх хурлын үеэр холбогдогчдын ар гэрийнхэн хуралд оролцохоор ирсэн ч шүүх бүрэлдэхүүн тэдний саналыг хүлээж авсангүй. Шүүгдэгч Г.Батдэлгэрийн ээж хэвлэлийнхэнд хандаж “Хэрхэн дарамталж, эрүүдэн шүүж, хүүд минь хэрэг хүлээлгэж байгаа талаар шүүх хурлын дараа мэдээлэл өгнө” гэж байсан.
Шүүх хуралд хоёр хохирогч ирсэн байв. Г.Батдэлгэр нарын таван хүнд холбогдох шүүх хурал өмнө нь таван удаа хойшилж байсан бөгөөд тэр бүрт өмгөөлөгч нар ямар нэгэн шалтгаан хэлж хойшлуулж ирсэн юм. Энэ хурлын үеэр ч өмгөөлөгч нар “Зарим гэрч, хохирогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай. Гэрч, хохирогч нар заасан хаягтаа байхгүй.
Тэднийг заавал олж ирүүлэх, тодруулах хэрэгтэй” гээд мөн л хойшлуулах хүсэлт тавьсан. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч М.Алдар, Г.Оюунцэцэг, Ш.Төгсгэрэл нар зөвлөлдөөд гэрч, хохирогч нарын хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгийг нотлох баримтад авч үзэх боломжтой гээд хурлыг үргэлжлүүлэв.
11.30 цагт эхэлсэн хурал 17.00 цагийн үед завсарлаж шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөний эцэст Г.Батдэлгэрт 11, Г.Ганзориг, Г.Чинзориг нарт 10 жил зургаан сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарын гэм буруутай нь хангалттай нотлогдоогүй гэж үзээд хэрэгсэхгүй болгов.
Г.Равжаа