Төв аймгийн Батсүмбэр суманд энэ оны нэгдүгээр сарын 1-нд Г гэдэг эр нас барсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тус сумын иргэн С.Өлзийсүрэн гэдэг эмэгтэй цагдаад дуудлага өгөхдөө “Манай нөхрийн найз Г бөөлжсөндөө хахаад нас барчихлаа” гэсэн аж.
Энэ мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газраас Ажлын хэсэг гарч шалгахад гэрт ямар нэгэн зодоон болсон шинжгүй байсан аж. Нас барсан хүний цогцост задлан шинжилгээ хийхэд зодуулсан, боомилуулсаны улмаас нас барсан нь тогтоогджээ. Нэгэнт хүний амь насыг бүрэлгэсэн хэрэг болох нь тодорхой болсон учраас гэрт нь хүн нас барсан Д.Амьдралсайханыг эхнэр С.Өлзийсүрэнгийнх нь хамтаар сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байна.
Гэвч Д.Амьдралсайхан “Надтай хамт ажилладаг Г өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд манайд ирсэн байсан. Би ажлаа тараад ирэхэд тэрбээр манайд архи уугаад сууж байсан бөгөөд төмөр замын өртөөн дээр хүмүүст зодуулж, боолгуулсан гэж ярьсан” гэжээ. Түүний эхнэр С.Өлзийсүрэн ч “Өртөөн дээр хүмүүст зодуулж, боолгууллаа хэмээн Г манайд ирсэн” гэжээ
. Гэвч гэр бүлийн хоёр үгсэн хуйвалдаж, хүний амь бүрэлгэснээ нуун далдлахын тулд ийнхүү худал ярьж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Цагдаагийнхан гэрт болон хашаанд нь үзлэг хийхэд талийгаачийн цус болсон архины шил, хувцас гэрээс нь, түүнийг цохисон бололтой эвдэрсэн сандал хашаанаас нь олдсон аж. Ийнхүү эд мөрийн баримт олдсоноор Д.Амьдралсайхан Г-г хөнөөснөө хүлээсэн гэнэ.
Тэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд Д.Амьдралсайханыд хамт архи ууж улмаар, шоронд хамт ял эдэлж байсан талаараа ярьж, зодолдсоноор энэ гэмт хэрэг гарчээ. Тэрбээр “Талийгаачийн өмсөж явсан цамцаар хоолойг нь боомилсон, эхнэр маань гэрт байсан цус, бусад ул мөрийг арилгасан” гэж мөрдөн байцаагчид тайлбарласан байна.
Д.Амьдралсайхан нь Улаанбаатар хотын харьяат нэгэн бөгөөд 2009 оны тавдугаар сард шоронгоос суллагдан ах дүүгээ бараадан Төв аймгийн Батсүмбэр суманд ирсэн бөгөөд улмаар С.Өлзийсүрэнтэй хамтран амьдрах болжээ. Улмаар тус сумын нэгэн иргэний ажиллуулдаг хөрөө рамд ажиллах болсон гэнэ.
Тэрбээр гурван ч удаа ял шийтгүүлсэн бөгөөд хамгийн сүүлд бусдын эд хөрөнгө булаасан хэргээр гурван жилийн хорих ял авч, магадлангаар суллагдсан аж.