Монгол Улсын “Улаан ном”-д орсон цагаан гоёо гэх ховор ургамлыг их хэмжээгээр түүж, хилээр нууцаар гаргах гэсэн хэрэг энэ сарын 2-нд Ховд аймгийн Булган суманд гарлаа. Ярантын боомтоор БНХАУ руу гарахаар явж байсан 99-64 УБК улсын дугаартай “Фургон” машинд ачсан уг ургамлыг тус боомтын гаалийн байцаагч Жасмин гэх нохойныхоо тус - ламжтайгаар илрүүлсэн байна.
Манай улсын иргэн Х нь 205 кг цагаан гоёог хатуу чихэр дор нуусан байжээ. Ховордсон ан амьтан, ургамлыг хилээр нэвтрүүлэх, худалдаалахыг хориглох тухай олон улсын конвенцийн II хавсралтад цагаан гоёо багтсан аж. Монголд бүртгэгдсэн 2800 гаруй зүйл ургамлаас 382-ыг нь эмчилгээ, хүнсний зориулалтаар ашигладаг.
Үүний нэг нь гоёо. Сувдаг сэтгэлтнүүдийн нүдэнд өртөн устаж болзошгүй 102, хамгийн түрүүнд хамгаалах ёстой 10 гаруй зүйлийн тоонд цагаан гоёо багтсан юм. Цусны даралт бууруулах, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, элэг, бөөр, давсагны ханын хүүдийн үрэвсэл намдаах, толгой, үе мөчний өвчин эдгээх гээд төрөл бүрийн өвчин анагаах шидтэй.
Хүнийг залуужуулж, цус төлжүүлэн, бэлгийн чалх сайжруулахаас гадна өтгөн хатах, ходоод цанхайх зэрэг маш олон өвчний үед монгол, хятад, төвд оточ нар гоёоны шидийг шүтэж иржээ.
Х.ЭРХЭМ