Цахим халдлагад өртсөн АНУ-ын мах үйлдвэрлэлийн хамгийн том компани болох JBS компани хакеруудад 11 сая доллар төлжээ. Энэ тухай Wall Street Journal мэдээлэв.
"JBS USA компани цахим халдлагын хариуд 11 сая долларын золиос төлсөн гэдгээ баталж байна. Гэмт хэрэгтнүүдэд мөнгө төлөх хэцүү байлаа. Гэхдээ бид үйлчлүүлэгчдэд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс эл шийдвэрийг гаргалаа" гэж тус компанийн гүйцэтгэх захирал Андре Ногейра хэлжээ.
Хакерууд өнгөрсөн долоо хоногт тус компанийн систем руу халдаж, вирус тараан улмаар системийг хэвийн ажиллагаанд оруулахын тулд мөнгө нэхсэн аж. Үүний улмаас дэлхийн хамгийн томоохон мах үйлдвэрлэгч JBS Food олон улсын компани АНУ, Австрали дахь үхрийн махны бүх үйлдвэрүүдээ түр хугацаагаар хаахад хүрчээ.