Боловсролын их сургуулийн 19 настай гурван оюутан ямар нэгэн зүйлд мансуурсны улмаас нэг нь газар дээрээ нас барсан тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Энэ үйл явдал Сонгинохайрхан дүүрэгт болсон юм. Нөгөө хоёр залуугийн бие ямар байгааг Яаралтай тусламж, хордлогын үндэсний төвийн их эмч Д.Оролзодоос тодрууллаа.
-Мансуурсан байж болзошг үй хоёр оюутны бие ямархуу байна вэ?
-Өнгөрсөн мягмар гаригт манай төвд 19 настай эрэгтэй Н, эмэгтэй Т нар ухаангүй ирээд хордлого тайлах эрчимт эмчилгээ хийлгэж, одоо биеийн байдал нь эрс сайжирсан. Анх ирэхдээ угаартсан болов уу гэх шинж тэмдэгтэй байсан. Ямар ч гэсэн цагдаагийнхан ирж мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчид цуснаас нь шинжилгээ авсан. Хариу нь гараагүй учраас угаартсан эсвэл мансуурч хордсоны аль нь болохыг хэлэх боломжгүй.
-Танай төвийн ачаалал хэр байна вэ?
-Ачаалал хэвийн байна. Гэхдээ өвлийн улирлын онцлогоос болоод хүмүүс нүүрсний утаанд угаартахаас гадна бага насны хүүхдүүд эцэг эхийн болгоомжгүйгээс болж хүчтэй эм бэлдмэл, хорт бодис, цагаан цуу ууж байгааг анхаарахад илүүдэхгүй гэв.
Хүүхдүүд найз бөгөөд зарим эх сурвалжийн хэлснээр цагдаагийнхан хэргийн газрын үзлэгээр гэрээс нь 200 мг нунтаг ногоон бэлдмэл олсон байна. Гэхдээ тэдний цуснаас авсан шинжилгээний хариу гарсны эцэст л мансууруулах бодис хэрэглэсэн эсэх нь тодорхой болно. Ер нь сүүлийн үед өсвөр насныхан энэ төрлийн хэрэгт орооцолдон, хэсэг бүлгээрээ ямар нэг зүйлд донтож байгаа нь Мансуурлын эсрэг төвийнхний судалгаагаар тогтоогджээ.
О.Намчин