Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутагт 19 настай гурван оюутан хордож, нэг нь газар дээрээ нас барсан хэрэг өнгөрсөн мягмар гаригт гарчээ. Хүүхдүүд мансуураад байна гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн газар дээр нь очиж шалгахад хоёр эмэгтэй, нэг залуугийн амнаас цагаан хөөс сахарчихсан, ухаангүй хэвтэж байсан аж. Тэдэнд үзлэг хийхэд хоёр нь амьтай, нэг нь нас барсан байжээ.
Эрэгтэй Н болон Т гэх эмэгтэйг Хордлогын төвд хэвтүүлэн эрчимт эмчилгээ хийж эхэлсэн байна. Энэ хэргийн талаар тус дүүргийн хууль хяналтын байгууллагын эх сурвалжаас лавлахад “Тэдний татсан гэх “Кент” тамхи болон хоол ундыг нь шилжилгээнд өгчихөөд байна.
Хариу нь гараагүй болохоор хордсон уу, мансуурсан уу гэдгийг тодорхой хэлж чадахгүй. Анх тэднийг угаартаж, хордсон байх гэж үзэж байсан ч хэргийн газрын үзлэгээр энэ нь тогтоогдоогүй. Өчигдөр тэднээс анхны мэдүүлэг авсан. Н нь “Юу болсноо тодорхой хэлж мэдэхгүй” гэж тайлбарласан.
Харин казах оюутан нь “Кент” тамхи татсан гэж мэдүүлсэн. Арц шиг ногоон ургамал хэрэглэсэн энэ тэр гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан нь ташаа” гэв. Цагдаагийнхан хэргийн газрын үзлэгээр тамхи ороож татсан гэх шинж тэмдэг, сэжиг бүхий зүйл олоогүй аж.
Тэндээс олдсон бүх зүйлийг цуглуулан шинжилгээнд явуулсан гэнэ. Мөн тэдний цуснаас сорьц авч шинжлүүлэхээр илгээжээ.
Г.Равжаа