Өчигдөр орсон борооны улмаас усанд автсан гэх дуудлага нийслэлийн хэмжээнд нэмэгджээ. Тодруулбал, ус, үерт автсан гэх 10 орчим дуудлагыг нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлсэн бөгөөд алба хаагчид гамшигт өртсөн газруудад үүрэг гүйцэтгэжээ. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үерийн усанд автсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, 63, 34, 74, 10, 29 дүгээр ангийн 70 гаруй алба хаагч, 10 автомашинтай аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Дамбадаржаагийн 81, 15 дугаар гудамжинд айлын хашаа усанд автсаныг соруулж, шуудуу ухаж, 18 дугаар хороо Сэлх зусланд байрлах далан бөглөрсөн байсныг сэтлэн хэвийн байдалд оруулж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Мөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 35, 63 дугаар ангийн 18 алба хаагч өчигдөр 20.30 цагийн байдлаар дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын 104 дүгээр байрны зоорины давхарт дүүрч, авто зам руугаа хальсан усыг соруулж, шуудуу ухсан гэнэ. Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 алба хаагч, тус дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах Сэлбэ голын эрэг дагуу Зунжингийн зүүн талд зургаа, Зуун модны задгайд гурван айл усанд автсаныг нүүлгэн шилжүүлжээ.
Харин Хан-Уул дүүргийн нутагт орших Энхтайваны гүүрийн зүүн талд байрлах нүхэн гарц усанд автсан байсныг нийслэлийн Захирагчийн албаныхан соруулахаар ажиллаж байгаа аж.