Нийслэлд 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүргээ биелүүлж байсан цагдаагийн 532 алба хаагч хүнд, хөнгөн байдлаар гэмтэж, зарим нь цагдаагийн байгууллагад эрүүл мэндээрээ тэнцэхгүйд хүрлээ. Зарим нь групп тогтоолгон ажлаасаа гарч байхад, нэг хэсэг нь өвчнөө нуун ажлаа хийсээр явна. Тархиндаа авсан гэмтлээсээ болж ухаан алдаж унадаг, гэмтсэн бөөр нь нөгөөдөө нөлөөлснөөс авахуулсан, нүдний гэмтлээсээ болж ажлын чад вараа алдсан хүн олон.
Гэтэл бүгдийнх нь гэмт лийг хөнгөнд тооцож, төрөөс нэг удаа 750 мянган төгрөг өгснөөс өө рөөр анхаарсангүй. Магадгүй их хэмжээний мөнгө гарах гээд байснаас болсон уу, дээрээс чиглэл өгөв үү, шүүх эмнэлгийн шинжээчид цагдаагийн бүх албан хаагчийн гэмтлийг хөнгөн гэж дүгнэсэн аж. Өвчнөө умартан ажлаа хийж явсаар, зарим нь ажил дээрээ ухаан алдаж унасан тохиолдол ч гарчээ. Гэтэл дунд тушаалын офицерууд нь бэр тэж гэмтсэн алба хаагчдаа “Миний төлөө гэмтсэн биш. Юундаа ялархаад байгаа юм бэ” гэх мэтээр элдвээр хэлэн дарамталдаг гэнэ. Ийнхүү дунд тушаалын “хурган дарга” нарын дарамтаас болж, ажлаасаа гарч амьдрал нь хэцүүдсэн цагдаагийн алба хаагч цөөнгүй байна.
Б.БАЯРМАГНАЙ: КИНОНД ГАРДАГ ШИГ АЙМШИГТАЙ БАЙСАН
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Өнөөдөр” сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа “Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн гэж нэрлэж байгаа ч анхнаасаа нэр бүхий хүмүүсийн зохион байгуулж, бэлтгэсэн үйлдлээс болж энэ үймээн болсон” гэж дурдсан юм. Шидэх чулуу, галдах шатахуун бэлтгэн ирсэн нь энэ үймээнийг зориуд зохион байгуулсныг гэрчилнэ бус уу. Эмх замбараагүй байдал 17.00- 18.00 цагийн үеэс хэрээс хэтэрч, цагдаагийн алба хаагчид тархи толгойндоо чулуугаар цохиулж, зарим нь зодуулан эмнэлгийн анхны тусламж авсан. Улмаар гэмтэж бэртсэн цагдаа нараа харьяаллын дагуу болон ойр дөтийг нь бодож Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн юм билээ.
Энэ өдөр ээлжинд гарч байсан сувилагчтай өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр уулзахад “2008 оны долдугаар сарын 1-ний үдээс хойш бид хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэлсэн. Хөлдөө, толгойдоо гэмтсэн цагдаагийн болон онцгой байдлынхан ирэх болсон. Чухам хэчнээн хүн ирснийг одоо бүртгэл харахгүй бол хэлж мэдэхгүй байна. Бид ачааллаа дийлэхээ больж ГССҮТ, Цэргийн клиникийн төв госпиталь руу шархадсан цагдаа нараа шилжүүлж байсан” гэж ярилаа. Байдал хүндрэхэд ҮАБЗ хуралдаж, “Шийдвэр гаргатал алба хаагчдаа тат” гэсэн үүрэг өгсөн байдаг. Энэ үед Эргүүл хамгаалалтын газрын зарим шархадсан алба хаагч анги дээрээ очжээ.
Тус газрын байрны хонгилоор шархадсан цагдаа нар хана түшин эгнэн суугаад, эмнэлгийн анхны тусламж авч, тэдний цус шалаар нь урсаж байхыг харсан хошууч генерал Ч.Амарболдын нулимс дуслуулж байгаа бичлэг телевизээр гарч байсныг уншигчид санаж буй биз ээ. Тухайн үед тус газрын дэд дарга, дэд хурандаа Н.Баярмагнай ангидаа байж, шархадсан алба хаагчдадаа анхны тусламж үзүүлэх, цус төлжүүлэхийн тулд халуун цай, шөл уулгаж байжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Тухайн үед танай газрын хонгилоор цус урсаж, нүд халтирам байсан гэдэг. Анги дээрээ хэчнээн хүн үлдэж, хэд нь эмх замбараагүй байдлыг зохцуулахаар ажиллаж байсан бэ?
-2008 оны долдугаар сарын 1-ний 17.00-18.00 цагийн үеэс эхлээд шархтай маш олон цагдаа анги руугаа хүргүүлж ирж байсан. Үнэхээр нүд халтирам байсан шүү дээ, тэр үед. Би зургаан үйлчлэгч эмэгтэйн хамтаар шархдаж ирсэн цагдаа нартаа анхны тусламж үзүүлж байсан юм. Үйлчлэгч нар маань зай завсаргүй ус буцалгаж бүлээсгэн, шархыг нь угааж цэвэрлээд, боож байв. Эх орны дайны тухай Оросын кинонууд байдаг даа. Түүн дээр цэргийн хээрийн эмнэлэг шархдагсдаар дүүрч, эмч нар нь хүрэлцэхгүй, сувилагч нар нь зай завсаргүй гүйлдэж, шархтан зөөж байгаа гардаг.
Манай ЭХГын нэгдүгээр давхар түүнээс нэг их ялгарахааргүй байсан. Хэчнээн хүн шархдаж ирсэн талаар тоог нь санахгүй байна. Эмх замбараагүй байдлын дараа тоо гаргахад манай 300 гаруй алба хаагчийн 86.7 хувь нь ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн гэсэн тоо гарсан. Үнэхээр аймшигтай, цус нөж шалаар нэг урсаж байсан.
-Шархадсан цагдаа нарын хэд нь гэртээ, хэд нь дараагийн шатны эмнэлэгт хүргүүлсэн бэ?
-Яаралтай тусламжийн машин маш олон удаа ирсэн. Тэд эмнэлэгт багтаагүй хөнгөн, хөнгөвтөр шархтайг нь анги руу хүргэж ирж байсан. Зарим нэгийг нь дахиж үзээд эм бичиж, эмчилгээ зааж өгөөд гэрт нь хариулах талаар зөвлөж байсан бол заримыг нь тэр даруйдаа аль нэг эмнэлэгт хүргэж байсан. Бид энэ олон цагдаагаа нэгдүгээр давхрын хичээлийн хоёр танхимаа суллан,дээд давхартаа байдаг хивсийг шалан дээр нь авчирч дэлгээд хүмүүсээ хүлээн авч, сүүлдээ энэ хоёр танхим дүүрээд өөр оруулах газаргүй болсон учраас хонгилдоо суулгаж байлаа.
Утас, станцаар зай завсаргүй ярьж, заримынх нь эцэг эх хүүхдүүдээ сураглаж байв. Цагдаа нар маань цус алдсанаасаа болоод ч тэр үү ямар ч тамир тэнхээгүй болсон, амаа ч хөдөлгөж чадахгүй хүн зөндөө байсан. Тэдэнд буцалсан бүлээн уснаасаа халбагаар цутгаж өгч, шархыг нь боосны дараа гэр орныхон руу нь хэлж, ар гэр рүү нь машинд түшиж суулгаад явуулсан. Хүнд шархадсан хүмүүсээ эмнэлэг рүү шилжүүлсэн.
-Сая танай нэг алба хаагч 2008 оны долдугаар сарын 1-ний үед авсан гэмтлээсээ болж нас барлаа. Гэмтэж бэртсэн олон цагдаа групп тогтоолгож ажлаасаа гарсан гэсэн.
-Би дээр хэллээ. Манай ажилтнуудын 86.7 хувь нь ямар нэгэн байдлаар гэмтсэн гэж. Тэдний нэг нь талийгаач байсан. Түүний гэмтлийг тухайн үед шүүх эмнэлгийн шинжээч эмч нар хөнгөн гэж дүгнэсэн. Гэтэл талийгаач тархины гэмтлийн улмаас нас барлаа. Гэмтэж бэртсэн иргэдийг л төр засаг, ХЭҮК-ийнхон яриад байдаг. Гэтэл төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж явсан цагдаагийн олон алба хаагч бэртэж гэмтээд байхад тоохгүй байгаа нь харамсалтай Цагдаа ч гэсэн хүн шүү дээ. Талийгаачийн хувьд тархины гэмтлээс болж эмнэлэгт хоёр ч удаа хэвтэж эмчлүүлсэн. Сүүлдээ толгой нь байнга өвддөг болж, түүнээсээ болж үе мөч, зүрхэнд нь нөлөөлж, ажлаасаа гарсан. Улмаар хөл, гар нь бадайрч өвддөг болж, өвчин нь даамжирсаар байгаад нас барсан гэж аав нь хэлж байна лээ. Бас нэгэн алба хаагчийн нуруу нугас гэмтэж, ажлаасаа гарч эмчлүүлж байна гэв.
Ц.ГҮРБАЗАР: Ш.ЭРДЭНЭОЧИРЫГ НАС БАРСАН ТУХАЙ СОНСООД ДАРААГИЙНХ НЬ БИ ЮМ БИШ БИЗ ГЭЖ БОДОХ БОЛЛОО
Гэмтэж бэртсэн цагдаагийн алба хаагчид болон Цагдаа, ар гэрийн холбооны тэргүүний өнгөрсөн долоо хоногт хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр төр засагт хандаж дахиж шинжилгээнд хамруулах, нэг удаа олгосон нөхөн олговор гэх 750 мянган төгрөг нь эмчилгээ хийлгэхэд хаанаа ч хүрэхгүй, групп тогтоолгож ажлаасаа гарахаар групптэй хүнд олгодог 80 мянган төгрөг нь амьралд хүрэлцэхгүй тул өвчнөө нууж ажлаа хийж, дарга нартаа чичлүүлж байгаа талаар мэдээлж байсан. Тухайлбал, НХЭГын эргүүлийн цагдаа, ахлагч Эрхэснэрэн нүдэндээ гэмтэл авч 70 хувийн хараа алдалттай болжээ.
Өвчин нь нөгөө нүдэндээ нөлөөлж, харааг нь муутгаж буй аж. Тиймээс түүнийг нүдний мэс засалд яаралтай ор гэж байгаа юм байна. Гэвч ахлагчийн 250- 300 мянган төгрөгийн цалин эмчилгээний зардалд хаанаа ч хүрэлцэхгүй тул арга буюу нүдний шил зүүх болж. Нүдний шилээ зүүн ажилдаа гарах гэхээр согтуу хүмүүс шил рүү нь цохичих гээд байдаг гэнэ. Хөл рүүгээ хашааны төмрөөр шорлуулсан цагдаагийн ахлагч явганаар эргүүлд гарч чадахаа больжээ. Тиймээс түүнийг цагдаагийн байгууллага арай ч халчихаагүй, жижүүрийн цагдаагаар ажиллуулж байгаа юм байна. Энэ мэтээр гэмтэж бэртсэн цагдаа нар эмчилгээний зардалгүйн зовлон амсан, арай гайгүй нэг нь ажлаа хийж, ажлын чадваргүй болсон нэг хэсэг нь гэрээ сахин өвчиндөө шаналан суух болжээ.
Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр бөөр нуруундаа гэмтэж, ажлын чадваргүй болсон, дэд ахлагч Ц.Гүрбазарынхыг зорилоо. Тэднийх Баянзүрх дүүргийн нутаг, Чулууновооны тавдугаар гудамжинд байдаг юм байна. Тэрбээр эхнэр, нэг сартай хүүхэд, хадам ээж, дүү нартайгаа нэг гэрт амьдарч байгаа аж. Тэд айлын хашаа түрээслэн буусан бөгөөд Түрээсийн мөнгө, гэрийнх нь бусад амьжиргааг эхнэрийн нь дүү л залгуулдаг аж. Ингээд дэд ахлагч Ц.Гүрбазартай ярилцсанаа хүргэе.
-Хэзээ цагдаагийн албанд орж ажиллах болов. Хэдэн жил ажиллаад ажлаасаа гарсан бэ?
-Би 2004 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 032 дугаар ангид цэргийн алба хаасан юм. Албаа хаачихаад хүсэл сонирхлынхоо дагуу 2005 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ажилласан. Нийтдээ гурван жил гаруй ажиллаад цол нэмэхэд хэдхэн сар дутуу байхад 2008 оны долдугаар сарын 1-нд авсан гэмтлээсээ болж ажлаасаа гарч, гэртээ суух болоод байна.
-Тэр өдөр хаана, ямар үүрэг гүйцэтгэж байсан юм бэ?
-Баянзүрх дүүргийн VI хорооны цагдаагийн тасаг дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаад дүүргүүдээс нэмэгдэл хүч татахад очсон юм. МАХН-ын төв байрны зүүн талд хамгаалалтад зогсож, чулуу шидэж байгаа хүмүүсийг дайрахад түрж хойшлуулж, задлаад ухрахдаа хүмүүсийн хөлд тээглэн унасан. Ингээд цагдаа нараасаа хоцорсон. Тэр үед жагсагчдад зодуулж ухаан алдсан байсан. Нэг сэргээд цагдаа нар руугаа гүйх гэтэл учраа ололгүй үймээн дэгдээгчдийн зүг очоод дахин зодуулж, бас ойчсон. Энэ үед хүмүүс миний дуулга, бамбайг булаан авч хамгаалах хэрэгсэлгүй болгоод элэг, бөөр, нуруу, толгой руу өшиглөж эхэлсэн.
Дахиж ухаан алдаад хэсэг хормын дараа сэргэж, тэднээс зугтаж байгаад төв замаар явж байсан машины яг өмнө нь ухаан алдаж унасан байгаа юм. “Ланд круйзер” маркийн уг машинд дөрвөн залуу, нэг эмэгтэй сууж явсан бөгөөд тэд үнэмлэхийг маань үзээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн байсан. Гэтэл тэд намайг аварсныхаа төлөө эд хөрөнгөөрөө хохирсон. Яагаад гэхээр үймээн дэгдээгчид намайг хөөж яваад, машиных нь цонхыг хага цохиж, улмаар тэдэн рүү нулимс асгаруулагч хий цацсан. Жолооч нь самбаачлан зугтаж намайг хүргэж өгсөн байгаа юм. Би тэр хүмүүстэй уулзаж баярласан талархсанаа илэрхийлмээр л байна. Даанч тэр хүмүүсийг би одоо танихгүй, бас олж уулзаж чадахгүй юм. Тэд байгаагүй бол би амь насаа алдсан ч байж магадгүй.
-Тэгээд хаана ухаан оров, биед чинь ямар ямар гэмтэл тухайн үед учирсан байсан бэ?
-Дүүргийн цагдаагийн хэлтэстээ хүргэгдсэний дараа манай Эрүүлжүүлэх байрны эмч биеийг минь үзээд Цэргийн клиникийн төв эмнэлэгт аваачсан байсан. Тархи, нуруундаа гэмтэлтэй гэсэн оноштой хэвтэж эмчлүүлээд гарсан ч нурууны маань өвчин эдгээгүй. Тиймээс өөр эмнэлэгт шинжилгээ өгөхөд зүүн талын бөөр ажиллагаагүй болж, нөгөөдөө нөлөөлөх маш өндөр эрсдэлтэй болсон учраас ажиллагаагүй болсон бөөрийг минь авсан.
-Тухайн үед гэмтлийг чинь ямар зэрэгтэй гэж Шүүх эмнэлгийн шинжээчид дүгнэв?
-Хөнгөн гэмтэлтэй гэж дүгнээд төрөөс надад 750 мянган төгрөгийн тусламж олгосон. Гэвч энэ мөнгө миний эмчилгээнд хаана нь ч хүрэхгүй. Наад зах нь би гам барихын тулд дор хаяж 300 мянгаас дээш үнэтэй, ширэн ултай гутал өмсөх ёстой. Гэтэл үүнийг авах нь бүү хэл гэр бүлээ ч тэжээж чадахгүй сууж байна. Намайг гурван кг-аас илүү зүйл өргөж болохгүй, хамгийн холдоо нэг км-ээс илүү алхаж болохгүй гэсэн. Тэгээд эхнэр маань ус, түлээгээ бэлтгэж, би гэдэг хүн 80 гарсан эмээгээсээ долоон дор болчихоод сууж байн
-Одоо танд ямар зовиур байна вэ. Бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орж болно биз дээ?
-Толгой, нуруу байнга өвддөг болсон. 30 минутаас илүү сууж чадахгүй, 15 минут зогсох тэнхээгүй, удаан зогсвол савж унадаг болчихоод байгаа. Бөөр шилжүүлэн суулгуулж болно. Гэвч зардлыг нь би дийлэхгүй шүү дээ. Монголд болохоор ах дүүгээсээ л донор авч болдог. Би эрүүл болохын тулд гэр бүлийнхнийхээ нэг хүнийг эрэмдэг болгоод яах вэ дээ. Гаднаас донор авъя гэхээр дор хаяж 50 сая, тэгээд эмчилгээний зардалтайгаа 80 сая төгрөг болох юм билээ. Гэтэл надад энэ мөнгийг хэн өгөх вэ? Хэн ч өгөхгүй шүү дээ. Ганц би гэлтгүй бусад гэмтэж бэртсэн цагдаа нар маань төрийн төлөө, төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж яваад ийм байдалд хүрсэн. Тиймээс төрөөс бидний хүсэж буй зүйл бол эмчлээд бүрэн эдгэрүүлээд өгч чаддаггүй юм гэхэд насаар нь ажиллаж байгаагаар тооцож, үндсэн цалинг нь олговол арай л өөр амьдрах болов уу.
Сүүлдээ эхнэр маань “Энэ төрийн төлөө явлаа гээд юу хожсон юм бэ” гэдэг болсон. Нээрээ л энэ төрийн төлөө, иргэдийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлж яваад олон цагдаа эрүүл мэндээрээ хохирч, эрэмдэг болж, эцэстээ нэг нь нас барлаа шүү дээ. Цагдаагийн мөрдэс зүүж, үнэмлэх чтон өвөртөлсөн бөхчүүд гээд хийх ажилгүй хүмүүст сул цалин олгож байхаар албан үүргээ гүйцэтгэж байгаад гэмтэж бэртсэн алба хаагчдынхаа ирээдүйд итгэх итгэлийг нь бодож, цалинг нь олгодог байхад болохгүй гэх газаргүй л баймаар. Хоёр хүн зодолдож байхад бид таслан зогсоохын төлөө ямар ч байсан ажилладаг. Гэтэл бөхчүүд цагдаагийн үнэмлэх өвөртөлчихөөд хараагүй юм шиг л хажуугаар нь өнгөрдөг шүү дээ.
-Ш.Эрдэнэ-Очирыг нас барсан тухай хэзээ сонсов?
-Талийгаач ахлагч Ш.Эрдэнэ-Очирын ах дүү нар бүгдээрээ цагдаагийн алба хаагч. Түүнийг нас барсан тухай сонсоод дараагийнх нь хэн байх бол оо, магадгүй би юм биш биз гэж бодох боллоо. Талийгаач төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж явсаар ийм байдалд хүрлээ. Өвчнөө нууж явсаар байгаад хүндрүүлж, эцэст нь бие нь дийлэхээ больж ажлаасаа гарсан юм билээ. Дарга нарын “Групптээ гар, миний төлөө гэмтчихээ юү чи. Ажил алаад байгаарай” гэх зэрэг дарамт шахалтаас болж олон цагдаа долдугаар сарын 1-нд авсан гэмтэл шарх, өвчнөө нууж байна шүү дээ.
Гэр бүл, эцэг, эхээ тэжээхийн тулд сөхөрч унатлаа ажиллана гэж бодож байсан ч дунд тушаалын офицерууд “Ялархлаа” хэмээн дарамталж, шахсаар байсан тул би арга буюу ажлаасаа гарсан. Би уг нь анхнаасаа цагдаа болно, тангараг өргөж төрийн төлөө зүтгэнэ гэж бодож орсон юм. Гам барьж, биеэ гайгүй болгож байгаад эргэж ажилдаа орно гэж боддог гэж ярилаа. Эндээсээ бид талийгаач Ш.Эрдэнэ-Очирынхыг зорьсон бөгөөд эхнэр нь хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь авчрахаар явсан тул гэр нь эзгүй байв.
Утсаар холбогдоход өөрөө ч, хадам аав нь ч хэвлэлд ярилцлага, мэдээлэл өгөхөөс эрс татгалзлаа. Талийгаачийн эхнэр Ганцэцэг “Бид ярилцлага өгөх болохоороо та бүхэнд хэлнэ. Одоогоор бид хэвлэлд хандах боломжгүй байна” гэлээ. Төр засаг нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед цагдаа нараараа хамгаалуулчихаад, эцэст нь тэднийгээ төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн, гэмтэж бэртсэн нь бараг хохь чинь гээд орхих нь дэндүү харгис биш гэж үү. Цагдаагийн ажилтан дүрэмт хувцсаа өмсөхөөрөө тангараг өргөсөн төрийн алба хаагч болохоос түүнгүйгээр бусдын л адил аав, ээжийн хүү, Монгол Улсын жирийн л нэг иргэн шүү дээ.