Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн ажлын албанаас 2009, 2010 онд явуулсан тендерийн үйл ажиллагаатай холбоотой гомдол Авлигатай тэмцэх газрын 1969 дугаарын утсанд иржээ. Үүний дагуу тус газрын мөрдөн шалгах хэлтэс шалгахад тендерийн материалыг хүлээн авах, бүрдүүлэх, шалгаруулалтыг зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, тендерийн үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлэх, санхүүжилт олгох, хяналт тавих зэрэг үйл ажиллагааг хууль журмын дагуу хийгээгүй байжээ.
Тухайлбал, 2010 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын III сургуулийн хичээлийн байрны барилгын их засварын ажлын зураг төсөл боловсруулах гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны даргаар Б.Цэрэн, нарийн бичгийн даргаар Ж.Лхагвасүрэн нар ажилласан юм байна. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон Авлигын эсрэг хуулийн заалтыг зөрчиж, “Харандаа” гэх компанийг шалгаруулжээ.
Уг компани нь БСШУЯны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер Ж.Лхагвасүрэнгийн эхнэр Г.Баясгалангийнх болохыг тогтоожээ. Дээрх хүмүүс хууль бусаар тус компанийг шалгаруулж, гэрээ байгуулан уг ажлыг гүйцэтгүүлсэн байна. Хэдийгээр энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгээг үй ч БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжавт АТГ-аас Б.Цэрэн, Ж.Лхагвас үрэн нарт хариуцлага тооцож, гарсан зөрчлийг дахин давтуулахгүй байх үүднээс арга хэмжээ авч ажиллах талаар албан бичиг илгээжээ.
Энэ дагуу салбарын сайд “Худалдан авах ажиллагааны зохицуулалтын тухай” тушаал батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Барилга захиалагчийн ажлын албаны дарга Б.Цэрэнгийн үндсэн цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар бууруулах, тус албаны инженер Ж.Лхагвасүрэнг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авчээ.
Г.ЦОЛМОН