Нийслэл хотод өнгө нэмсэн Яармагийн шинэ гүүр өчигдөр орсон борооны усанд автжээ. Тодруулбал, гүүрний нүхэн гарцаар автомашин явах боломжгүй болсон бөгөөд одоогоор хэд хэдэн суудлын автомашин тэнд унтарчээ. Албаныхан тэнд 15.00 цагт очиж хөрсний ус сорох машинаар гүүрний доор хурсан усыг соруулсан ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Дэлхийн улс орнуудад хатуу хучилттай зам тавихдаа ус зайлуулах шугамын асуудлыг шийддэг бол манай улсад энэ тал дээр анхаардаггүйн тод жишээ энэ билээ. Нийслэлд зөвхөн Яармагийн гүүр бус өөр хэд хэдэн газрын хатуу хучилттай, мөн явган хүний замууд өчигдрийн орсон борооны усанд автсан байгаа юм. Энэ талаар ЗТХЯ-аас тодруулахад “Эл асуудал манай яамд хамааралгүй. Бид орон нутаг, олон улсын замыг хариуцдаг” гэж мэдээлэв.