ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн сарын 11-нд Монгол Улс, БНХАУ-ын хоорондын “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу Өвөрмонголын Өөртөө засах орны Хөх хот дахь эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй хоёр монгол эмэгтэйг эх оронд нь шилжүүлэн авах албан захидал хүргүүлсэн байна.
Тус албан захидалд “БНХАУын Өвөрмонголын Өөртөө засах орны Хөх хотын эмэгтэйчүүдийн шоронд ял эдэлж байгаа Батмандахын Цэвэлмаа, Батмандахын Норжмаа нарыг эх оронд нь шилжүүлэн авахыг хүсэв” гэжээ. 2005 оноос хойш ялтан солих гэрээ байгуулах талаар хоёр орны холбогдох эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд хэлэлцэж байгаа ч өнөөдрийг хүртэл албан ёсоор гэрээ байгуулаагүй билээ.
Энэ асуудалтай холбоотой уулзалтуудын дүнд Монгол Улсын хоёр, БНХАУын нэг иргэнийг эх оронд нь шилжүүлснээс гадна тухайлсан гэрээ байгуулахыг зарчмын хувьд тохирч, холбогдох хэлэлцээг хоёр талаас явуулахаар болсон билээ. Үүний дагуу өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-аас манайд ял эдэлж буй найман иргэний нэгийг тус улсын хорих ангид шилжүүлсэн байна.
Одоогоор тус улсаас ямар нэг хариу ирүүлээгүй байгаа аж. Зарим хэвлэлд гарсан Л.Байгальмааг суллах гэрээний ажил үр дүнтэй боллоо гэсэн мэдээлэл ташаа болохыг албаны эх сурвалж мэдээлэв. Хар тамхины хэргээр БНХАУ-д ял эдэлж буй Г.Байгальмааг ялтан солих гэрээгээр эх оронд нь шилжүүлэх байх гэж олон хүн найдаж байсан ч энэ удаа талаар өнгөрөв бололтой.
Б.МАРТ