Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар Барилга байгууламжид эрчим хүчний гэрчилгээ олгох журам хэлэлцэж, баталсныг салбарын яамнаас өчигдөр мэдээлэв. Уг журмыг хэрэгжүүлснээр ногоон, эрчим хүчний хэмнэлттэй болон пассив барилгын үнэлгээний системийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, үнэлэх суурь нөхцөл бүрдэх гэнэ. Энгийнээр хэлбэл иргэдийн худалдан авах гэж буй барилга, орон сууц хэдий хэмжээний эрчим хүч зарцуулдаг, улмаар сард цахилгаан, дулаанд хэдэн төгрөг төлөхөө мэдэж болно гэсэн үг аж. Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлэх энэхүү журмыг мөрдсөнөөр эрчим хүчний үр ашиг бага, дулааны алдагдал ихтэй хуучин барилгуудын цахилгааны хэрэглээний түвшнийг тогтоох боломж бүрдэх нь.
Мөн шинээр барих барилга байгууламжийн төлөвлөлтийн шатанд эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай шийдлүүдийг зураг төсөлд нь тусгах, дулаан алдагдлыг нь бууруулах зэрэг арга хэмжээг цогцоор хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэйг тодотголоо. Бас ногоон барилгын үнэлгээний систем нэвтрүүлэх, ногоон зээлийн санхүүжилтийн тогтолцоо хөгжүүлэхэд ач холбогдолтой гэв. Ташрамд дурдахад, манай улсын эрчим хүчний хэрэглээний 38, дулааны 56, хүлэмжийн хийн ялгарлын 30 орчим нь барилгын салбарт ногддог гэнэ. Нийслэлд 1990 оноос өмнө барьсан, дулаалах шаардлагатай 420 гаруй орон сууц бий агаад халаалтад нь жилд 1.1 тэрбум кВт/ц эрчим хүч буюу 20 орчим тэрбум төгрөг зарцуулж, багагүй хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг аж. Хэрэв тэдгээрийг дулаалбал дээрх зардал 20-40 хувиар буурах гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор