101, 102, 103, 105 МЭДЭЭЛЖ БАЙНА
II/28-ны 20.00 цагаас III/1-ний 08.00 цаг
-Нийслэлийн Онцгой байдлын газар есөн дуудлагатай хоносны зургаа нь гал түймрийнх агаад бүгд айлын гэр орон шатсан тухай байв. Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байшингийн дээвэр, тааз, амбаар шатсаныг гал сөнөөгчид унтраасан бол Эмээлт өртөөний зүүн талд амьдардаг иргэн П-гийн тав, Чингэлтэй дүүргийн XIX хороо Тахилтын гуравдугаар гудамжинд иргэн О-гийн дөрвөн ханатай гэр шатаж, хоёр айл орох оронгүй боллоо.
-Замын цагдаагийн газрын жижүүрийн утас 171 удаа дуугарчээ. Автын осол гарч, хүн гэмтсэн тухай дуудлага гурав ирсэн байна. 54 жолооч согтуу байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсоныг замын цагдаа нар илрүүлэв. Тэдний хоёр нь осол гаргажээ. -Оршин суух газар, ажилгүй Г гэдэг 45 настай эрийг Сүхбаатар дүүргийн IV хорооны 40 дүгээр байрны орцонд хоног төөрүүлж байхад нь тус байрны оршин суугч, 26 настай Э гэдэг залуу найзуудтайгаа нийлэн зоджээ. Бусдад зодуулж, цус нөжтэйгөө хутгалдсан Г-г уг байрны жижүүр олоод Яаралтай тусламжийн төвд дуудлага өгсөн байна. Түүнийг ГССҮТ-д хүргэсэн ч, гэмтлээ даалгүй нас барсан гэнэ. Хүн зодсон залуусыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн болон Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд саатуулан шалгаж эхэллээ.
-Монголын хүн ам 18-аар нэмэгдлээ. Тэдний 12 нь хүү, зургаа нь охин. Дөрвөн хүүхэд нь энэ хорвоод мэндлэхдээ аав, ээжийгээ эцэг, эх хэмээн дуудуулах хувь хайрлажээ.
-Яаралтай тусламжийн төвийн эмч нар 200 гаруй дуудлага хүлээн авч, тусламж үзүүлэв. Даралт огцом ихэссэн, зүрх өвдсөн зэрэг хууч өвчний дуудлага цөөнгүй хувийг эзэлжээ. Ханиад хүндэрч халуурсан, зам тээврийн осолд өртсөн хүнд тусламж үзүүлэхийг хүсэж 60-аад иргэн хандсан байна.