Төв аймгийн Эрдэнэ суманд айлын адуу буудаж, микроавтобусанд ачиж зугтсан гэмт хэрэгтнүүд тус сумын хэсгийн төлөөлөгчийг эсэргүүцсэн хэрэг өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд гарсан юм. Малын хулгайч нарын үйлдэл, арга нарийсч, гэмт хэрэгтнүүд зохион байгуулалтад орж, махны ченжүүдтэй сүлбээтэй болсон гэдгийг хаа сайгүй ярьдаг. Энэ гэмт хэргийг шалгах явцад ч бүлэг гэмт хэрэгтэн, махны ченжүүд холбогдсон нь тогтоогдсон юм.
Эрдэнэ суманд хаваржиж байсан Улаанбаатар хотын харьяат нэгэн айлын гурван адууг бэлчээрт нь буудаж, ачиж явсан дээрх гэмт хэрэгтнүүдийг Замын цагдаагийн тасгийн байцаагчид зогсоон шалгах үед эсэргүүцэн зугтсан бөгөөд улмаар Баяндавааны урд уулын модонд 93- 11 УБЯ улсын дугаартай “Грейс” маркийн микроавтобусаа орхин зугтсан билээ. Микроавтобусанд гурван адуу нядлаад, арьсыг нь ч өвчилгүй ачсан, хөлийг нь цагдаагийн тэмдэгтэй тэлээгээр боосон байсан юм.
Гэмт этгээдүүдийг тухайн үед хэн болохыг тогтоож, ууланд самналт хийсэн боловч модон дунд унанги ихтэйгээс явахад хүндрэлтэй байсан. Тиймээс явган цагдаа нар тэднийг гүйцэж чадалгүй алдан нэлээд хэд хоног уулаар самнаж байсан. Түүгээр ч зогсохгүй гэмт этгээдүүдийг замын машинд сууж Хэнтий аймаг руу явсан байж болзошгүй гэсэн мэдээлэл авч, түүнийхээ дагуу тус аймгийн Цагдаагийн газартай холбогдон шалгуулсан ч Чингисийн хөшөөт цогцолбор орчмоос замын машинд суусан дөрвөн хүн уг хэрэгт огт хамааралгүй нь тогтоогдсон юм.
Үүнээс хойш тав хоногийн дараа гэмт этгээдүүдийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хоолтын даваа орчимд явж байхад нь саатуулжээ. Уг хэргийг А.Баясгалан нарын дөрвөн хүн үйлдсэн бөгөөд шалгалтын явцад тэд Хэнтий, Төв аймгийн нутгаас 23 удаагийн үйлдлээр 39 бод хулгайлснаа хүлээсэн байна.
Тэд эдгээр хэргийг үйлдэхдээ ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө машиныг ашигладаг байсан бөгөөд 93-11 УБЯ улсын дугаартай микроавтобус гэхэд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б.Ганбаатарынх байсан юм. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхдээ “Эксел”, “Эстимо” зэрэг дөрвөн автомашин унадаг байжээ. Дээрх машинуудыг нь цагдаагийн байгууллагынхан битүүмжилчихээд байгаа юм.
Түүнээс гадна малын эдгээр хулгайчийн мал, махыг авч борлуулдаг “Хүчит шонхор” захын ченж Б.Амаржаргал болон бусад холбогдогчийг хэрэгт холбогдуулан шалгаж, шүүхэд шилжүүлжээ. Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийхдээ микроавтобус дотроос цагдаагийн тэмдэг бүхий тэлээгээр адууны хөл боосон байсныг олсон тухай дээр дурдсан. Мөрдөн байцаагчид хэргийг лавшруулан шалгаад гэмт бүлгийн толгойлогч, Хэнтий аймгийн харьяат А.Баясгалан нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсныг тогтоожээ.
Тэрбээр Хэнтий аймгийн зүүн хойд талын нэгэн суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад цагдаагийн байгууллагаас халагдаж, нэг сар ч болоогүй байхдаа малын хулгайч нартай сүлбэлдэн гэмт хэрэг үйлдэх болсон юм байна. А.Баясгалан, Ш.Энхтогтох, Ж.Шагдарсүрэн, Т.Энхболд, ченж Б.Амаржаргал нарын гэмт үйлдлээс болж малчдад 25 сая гаруй төгрөгийн хохирол учирсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Г.Равжаа