Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас чанаргүй барилга барьж хэрэглэгчдийг хохироож буй хэд хэдэн компанид шалгалт хийжээ. Шалгалтаар Баянгол дүүргийн X хороололд орших “Эко инженеринг” компанийн барьсан 65 дугаар байр, Баянзүрх дүүрэг дэх “Дүнжингарав” хороолол, мөн “Баянзүрх” хотхоны барилгууд багагүй зөрчилтэй байжээ.
Тухайлбал, дээрх барилгуудыг улсын комисс хүлээж аваагүйгээс гадна оршин суугчдад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь олгоогүй, мөн халаалт, цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж нь стандартын шаардлага хангахгүй муу материалаар хийсэн болохыг тогтоожээ.
Тиймээс Барилгын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж “Эко инженеринг”, “Эко констракшн” компанийг тус бүр 10 сая төгрөг, “Шилмэл шилтгээн” ХХК-ийг 200 мянган төгрөгөөр торгож, зөрчил, дутагдлаа арилгахыг сануулсан байна.
Б.Эх