Одоогоос арван жилийн өмнө УИХ Архидан согтуурахтай тэмцэх хууль баталж, хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Гэтэл энэ хуулийн олон зүйл, заалт огт хэрэгжилгүй өнөөдрийг хүрлээ. Тухайлбал энэ хуулийн 7.2.2-т зааснаар 18 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхийг, 7.3.2.18 нас хүрээгүй хүнд худалдахыг хориглоно гэж заасан байдаг.
Гэтэл нийслэлийн гудамжны өнцөг, булан бүрт байх шөнийн цэнгээний газар ашиг орлогоо бодоод энэ хуулийн заалтыг зөрчин үйлчилсээр байгааг бид мэднэ. Энэ заалтыг яагаад биелүүлэхгүй байгааг шөнийн цэнгээний эзэн Г-ээс асуухад “Архи, шар айраг зарж буй үйлчилгээний газрын татвар, түрээс үнэхээр өндөр. Дарамт шахалт ихтэй. Бид хуулийн ийм заалт байдгийг мэддэг ч үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийг үзэх боломж байдаггүй. Орлогоо боддогоо нуухгүй.
Хуулиараа татварын дарамтыг бууруулж, үйл ажиллагаа явуулж буй иргэдээ дэмжвэл бид өөрийн хүүхэд шиг хүмүүст үйлчлэх сонирхол байхгүй” гэв. Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль батлагдаад мөн л 17 жил болж байгаа ч хэрэгждэггүй, хэрэгжүүлэх боломжгүй зүйл заалт бас цөөнгүй бий. Тус хуулийн 1.2-т -16 нас хүрээгүй хүүхдэд тамхи худалдах, тэднээр тамхи худалдуулах -Тамхийг задалж, ширхэглэн худалдахыг хориглоно… гэж хуульчилсан нь бий. Амьдралаас тасарсан энэ хуулийг хэв журам сахиулах цагдаагийн ажилтнууд мэддэг ч, хэрэгжүүлэх аваас “иргэний дайн” гарч ч мэднэ гэж хэлж байна.
Өдрийнхөө хоолны мөнгийг олохын төлөө халуун, хүйтнийг үл ажран тамхи ширхэглэн зарж буй хөгшид, хүүхэд гудамжаар дүүрэн. Хууль хэрэгжүүлнэ гээд нэг талх авахын төлөө бүхнээ зориулан тамхи, зарж буй тэдний өдрийнх нь орлогыг хураахад үнэхээр “халуун” байдаг аж. Хүмүүс тамхийг ширхэглэж бус, хайрцгаар нь авах бэл бэнчинтэй болсон тэр цагт энэ хуулийн заалт хэрэгжих бололтой.
Өнөөдөр хуульчилбал зохилтой олон асуудал байдаг ч, хууль санаачлах эрх бүхий субьект өөрийн эрх ашигт нийцсэн үед тоож харах нь элбэг учир нийгэмд гарцаагүй шаардлагатай хууль ард нь үлдэж, хэрэгжих боломжгүй зүйл , заалт бүхий хууль араасаа хөвөрсөөр.
Х.ОЮУН