Төв аймгийн Архуст сумын Хөх асгатын ар гэдэг газарт найман сартай жирэмсэн эмэгтэйн амийг хөнөөн, худагт хаясан хэрэг одоогоос жил гаруйн өмнө гарсан.
Тус сумын гурван малчин олон жил ашиглаагүй худгаа засахаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-нд ухаж байгаад хүний илжирч муудсан цогцос олсон юм. Уг цогцос 2009 оны наймдугаар сарын 19-нд сураггүй болсон Ц гэх эмэгтэйнх бөгөөд сураггүй алга болох үедээ найман сартай жирэмсэн байсан гэнэ.
Тэрбээр хоёр сарын турш гэрийнхэнтэйгээ мессежээр харилцаж байгаад сураг тасарсан аж. Архуст сумын нутаг буюу Төмөр замын “Булагтай” өртөөнд талийгаач тухайн үед гэртээ ганцаараа байсан тул аав нь түүнийг эргэхээр очиход байгаагүй аж. Ц-г тус сумын иргэн Ө.Мэндбаяр “Хэвлий дэх хүүхэд маань чинийх” гэж хэлснийх нь төлөө бүрэлгэсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.
Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр аймгийн Прокурорын газарт шилжүүлжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан “Хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор харгис хэрцгий аргаар хөнөөсөн” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан аж.
Г.Равжаа