Эмнэлгийн дарга нар хуурамч өвчний түүх бичих зэргээр Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө завшиж байгаа талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар ийн ярьж байна.
-Эмнэлгийн удирдлагуудын хууль бус үйлд лүүдийн талаарх мэдээллийг та бүхэн яаж авсан бэ?
-Иргэд, эмнэлгийн шударга эмч, ажилтнуудаас. Иргэний эрүүл мэндийн даатгалын санд Монголын нийт иргэд жилд 86 тэрбум төгрөг төлдөг. Энэ мөнгөөр иргэд улсын болон хувийн эмнэлгээр үйлчлүүлж, эрүүл мэндээ баталгаажуулдаг, даатгуулдаг. Бид мөнгөндөө тохирсон үйлчилгээ авч чадаж байна уу, гэвэл маш олон хүн үгүй гэнэ. Даатгуулагчдын өмнөөс хариуцлага үүрч, үйл чилгээг сайжруулах талаар эмнэлг үүдийн удирдлагад шаардлага тавьдаг байгууллага нь Гонгор даргатай Нийслэлийн нийг - мийн даатгалын газрын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн хэлтэс. Хэлтсийн дарга нь Солонго. Энэ хүмүүс ажлаа хийгээгүйгээс эмнэлгийн удирдлагууд тус хэлтсийн хэсэг хүмүүстэй нийлж мөнгө идэж байна гэсэн яриа Монгол орон даяар гарлаа. Үүнтэй холбоотой бид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Ажлын хэсэг гаргаад хуурамч өвчний түүх бичсэн олон үйлдлийг баталгаажуулж авсан.
-Даатгалын сангийн мөнгийг үр ашигтай, зүй ёсоор зарцуулбал хэрэглэгчдэд ямар давуу тал гарч болох вэ?
-Эрүүл мэндийн байгууллагууд ноцтой алдаанаас болж ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд нойр, хоолгүй ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн нэр хүнд сэвтэх вий гэж санаа зовж байгаа. Эмнэлгүүдийн удирд лага Эрүүл мэндийн даатгалын байцаагчидтай хавсайдаж мөнгө идээгүй бол эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэх боломж бий. Тэдний цалинг нэмэгдүүлбэл нэгдүгээрт, даатгал төлж байгаа иргэдийн эмчилгээ үйлчилгээний чанар шууд сайжирна.
Хоёрдугаарт, эмнэлгүүдийн дарга нарын гаргасан бичигдээгүй нэг хууль бий. “Өвчтөнийг 10 хоног эмчлээд, хөөгөөд гарга” гэсэн хууль. Ийм заалт хаана ч байдаггүй. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт цус харваад хэвтсэн хүнийг 10 хоног эмчилсэн гээд хөөж гаргасан. Тэр хүн нь гэртээ очоод нас барсан байна. Бидний авсан мэдээллээр хүнд оноштой өвчтөнүүдийг ихэнх эмнэлэг авдаггүй. Тэгэхээр эмнэлгүүд ашгийн төлөө дэндүү ажиллаж эхэллээ. Ийм гомдол бидэнд олноор ирж байгаа. Тиймээс өнөөдөр гэртээ нас барж байгаа хүмүүсийн тоо нийт нас барагсдын 80 орчим хувийг эзэлж байна.
-Энэ хаанаас авсан тоо вэ?
-Эмнэлгүүдийн статистик, иргэдээс авсан мэдээ. Социализмын үед шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өвчтөнийг 14 хоног эмчлэх ёстой гэдэг байсан. Нэг удаа хэвтвэл гурван сарын дотор эмнэлэгт хэвтүүлэхгүй гэдэг бас нэг хууль бус хууль бий. Хуульд байдаг зүйл юу гэвэл даатгуулагч дээд тал нь 1.120.000 төгрөгт дүйцэх үйлчилгээ авна гэсэн заалт. Эмчилгээний зардал үүнээс илүү гарвал хувиасаа төлж болно. Ямар ч эм тариаг гаднаас авах ёсгүй. Эмнэлэгт эм тариа дууссан бол өөрөө авч болно. Дараа нь мөнгөө нөхөж авах ёстой. 150.000-400.000 төгрөгийн өртөгтэй оношлогоо хийлгэж болно гэж хуульд заасан байгаа. Гэтэл эмнэлэгт хэвтчихээд мөнгөө төлж шинжилгээ өгөх тохиолдол цөөнгүй. Иргэдэд хүрч байгаа эмчилгээ үйлчилгээний чанарыг шалгах гэж улсын байцаагч ажиллах учиртай. Гэтэл даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах ёстой улсын байцаагчид эмнэлгийн дарга нартай уулзаж, бичиг цаасыг нь үзчихээд явдаг. Цаас шалга гэж байцаагчдыг бид Эрүүл мэндийн даатгалаас цалинжуулаагүй.
-Энэ хэрэгт холбогдуулан хэчнээн даргыг шалгаж байгаа вэ?
-Эцсийн мэдээллийг мөрдөн байцаагчид гаргана. Одоогийн байдлаар авлига авсан, даатгалын мөнгийг буруу ашигласан, хуурамч өвчлөлийн түүх бичсэн зэрэг зөрчлөөр 200 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээлэл аваад байна. Шалгалтын явцад энэ мөнгө хэд болж нэмэгдэхийг хэлж мэдэхгүй. Хуурамч өвчлөлийн түүх бичсэн олон баримтыг Ажлын хэсгийнхэн бас шалгаж байгаа. Энэ бүхэн Мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа учир үйл ажиллагаанд нь хүндрэл учруулахгүйн тулд нийтэд мэдээлэхийг хойш тавьж байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албанд багтсан хүмүүс хоёрдугаар сарын эхний долоо хоногт дүгнэлтээ гаргах ёстой. Гэтэл хөдөө томилолтоор явсан гэх мэтийн шалтаг хэлээд бултаад байгаа. Тэдний ард маш олон улстөрч бий. Тэд Эрүүл мэндийн даатгалын сангаас сонгуулийнхаа мөнгийг гаргадаг. Шанд нь эмнэлгийн дарга нарыг тавьдаг гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Ажлын хэсгийнхэн эмнэлгийн дарга нар буруугүй гэсэн дүгнэлт гаргавал бүгдээрээ Монголын ард түмний өмнө тайлангаа тавих ёстой. Би бас тэр ажлын хэсэгт орсон. Энд сэжигтнээр шалгуулж байгаа Арьсны өвчин судлалын төвийн захирал А.Цогцэцэг болон бусад удирдлага мөрдөн байцаагчдаар дамжуулан асуудлыг дэлгэж тавьсан сэтгүүлчдийг дарамтлуулж, баривчилгаа хийхийг оролдсон. Цагдаагийн байгууллага, улстөрчтэйгээ хамтарч сэтгүүлчдийг намнах оролдлого хийсэн гэж үзэж байна.
-Танай байгууллагаас энэ хэргийг мөрдөн байцаах газарт өгсөн үү?
-Эмнэлгийн шударга, журамтай ажилтнууд өгсөн. Тэр ажилтнууд маш хүнд дарамтад байгааг би сонсож байна. Эмнэлгийн дарга нар нь хэрэгт сэжигтнээр татагдаад байхад С.Ламбаа сайд яагаад толгойг нь илээд дуугүй байгаа юм бэ. Үүнийг одоо л таслан зогсоохгүй бол бид эрүүл мэндийн даатгалгүй, Монголын ард түмний эрүүл мэнд баталгаагүй болно. Монгол Улсын ирээдүй тусгаар тогтнолд ч цөв суух аюултай. Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлага яагаад нийслэлийн Нийгмийн даатгалын газрын удирдлагад хариуцлага тооцохгүй байна вэ. Тэднийг энэ хэрэгт оролцсон гэж хардаж байна. Мөрдөн байцаах үйл ажиллагааны дараа даатгуулагчдынхаа нэрийн өмнөөс ННДГ, холбогдох хэлтэс, Эрүүл мэндийн яамыг хариуцагчаар татаж, эрүүл мэндийн даатгал төлсөн хүмүүсийн хохирлыг яаж нөхөн төлөх вэ гэдэг асуудлыг шүүхэд тавина.
-Эмнэлгүүд жилд дунждаар хэдий хэрийн хөрөнгийг даатгалын сангаас авдаг вэ?
-Дор хаяж тэрбум, түүнээс дээш мөнгө авч байна. Нэг өвчтөний ор хоногийн мөнгийг 24000 төгрөгөөр тооцож Даатгалын сангаас авдаг. Эмнэлгийн хонгилд хэвтүүлнэ үү, цонх нь хагархай өрөөнд хэвтүүлнэ үү хамаагүй. Энэ чинь зочид буудлын хоногийн мөнгө биз дээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог эрүүлжүүлбэл нэг хүнд өвчтэй хүүхдэд 30-60 сая төгрөг зарцуулж, хагалгаа хийх боломж бүрэн байгаа.
-Хүнд өвчтэй хүүхэдтэй, мөнгөн тусламж гуйсан хүмүүс сүүлийн үед олон болсон. Тэдний эмчилгээний зардалд Даатгалын сангаас мөнгө төсөвлөх тухай заалт хуульд байдаг гэж үү?
-Хууль бурхны зарлиг биш шүү дээ. Боломж байгаа. Үүнийг хууль журамд оруулах бүрэн боломжтой. Тархины хорт хавдартай хэцүү бэрхшээлтэй хүмүүст туслах бүрэн боломжтой гэдгийг ам бардам хэлнэ. Харин тийм боломж гаргах уу, үгүй юү гэдэг нь өөр асуудал. Гаргуулахын төлөө бид ажиллана. Хүнд өвчтөний эмчилгээний зардлыг даатгуулагчид Эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын сангаас санхүүжүүлэх дээд хязгаарыг Эрүүл мэндийн салбар зөвлөлөөс гаргана. Энэ салбар зөвлөлд үйлдвэрчний эвлэлээс гурван хүн багтдагийн нэг нь би. Өвчний бүлгээр нь санхүүжилт хийхийн тулд жаахан тоо бодох гээд байгаа юм.