Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15 хүртэлх хугацаанд загас агнах, барих хуулиар хориотой. Загас энэ хугацаанд түрсээ шахдаг учир үржлийн үе гэж үзэн манай улс ийнхүү хуульчилж, эл амьтныг хамгаалах бодлого баримталж ирсэн. Тэгвэл “Монголын зөв зохистой загасчлалыг дэмжих сан”-гийнхан энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэн, БОАЖЯ-нд албан бичиг хүргүүлжээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль, цаг уурын нөлөөгөөр загас харьцангуй эрт буюу тавдугаар сарын 20 гэхэд түрсээ шахаж дуусдаг болсон учир хуульд заасан хугацааг наашлуулах шаардлагатай гэж тэд үзсэн байна. Тус сангийн тэргүүн Х.Тэмүүжин “Тавдугаар сарын 20 гэхэд хулдын овгийн бүх загас түрсээ шахаж дуусаж байна. Судлахад 20 загас тутмын нэг нь түрстэй байсан. Аялал жуулчлалаа дэмжье гэвэл 1972 оны үеийн судалгаа шинжилгээнд тулгуурласан энэ хуулийг өөр чилж, загасчлах хугацааг зургадугаар сарын 15-наас өмнө нээх хэрэгтэй” гэв.