Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягт эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр татсан гэх мэдээлэл өчигдрийн зарим хэвлэлд гарсан. Түүнийг урт нэртэй хуулийг зөрчиж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигт малтмалын 192 тусгай зөвшөөрөл аж ахуйн нэгжид олгосон хэмээн буруутгаж байгаа. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн эх сурвалжаас тодруулахад “Түүнтэй холбоотой асуудлыг манайх шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ сэжигтэн, яллагдагчаар татаагүй.
Харин түүний үйлдэл үнэхээр хууль зөрчсөн эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдвол сэжигтнээр татан шалгах байх” гэлээ. Харин Нийслэлийн прокурорын газрын албаны хүн “Д.Батхуягт холбогдох асуудлыг шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн. Гэхдээ түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаагүй. Шалгалтын явцад түүний гэм буруутай нь илэрвэл сэжигтэн, яллагдагчаар татах байх” гэсэн юм.
Г.РАВЖАА