ТЕГ-ын ажилтан асан В.Нямхандад эрүүгийн хэрэг үүсгэн Ганцхудагт хоёр сар гаруй цагдан хорьж байгаа билээ. Түүнийг Англид саатуулагдан ХБНГУ руу шилжүүлэхээр болсон ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцтай хамт ажиллаж байсан, түүнтэй холбоотой асуудлаар цагдан хорьсон гэх мэдээлэл зарим хэвлэлд гарч буй.
Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтнаас тодруулахад “Иргэн В.Нямхандыг шалгаж буй нь ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцтай холбоотой мэтээр зарим хэвлэлд бичсэн нь ор үндэсгүй. Тэрбээр 1997-2009 онд ТЕГ-т ажиллаж байгаад халагдсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд заасан эх орноосоо урвах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр тооцон мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна.
Эх орноосоо урвах, төрийн нууцыг задлах гэмт үйлдэлд сэжиглэгдэн шалгуулж буй хэрэг нэг бус байгааг бид өмнө нь мэдэгдэж байсан шүү дээ” гэлээ. Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр гадаадын, тодруулбал хоёр хөршийн тусгай албаныханд улсын нууцтай холбоотой мэдээ баримт дамжуулж байсан бололтой.
Г.РАВЖАА