Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт холбогдох хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэлэлцлээ. Тэд 2009 оны хоёрдугаар сарын 14-нд Баянгол дүүргийн XIX хороонд оршин суух иргэн О-гийн гэрээс 11.4 сая төгрөг, “Коника” маркийн гэрэл зургийн аппарат дээрэмдсэн юм.
П.Сумъяажав, Д.Бямбадорж нар уг хэргийг үйлдэх үедээ О-гийн таван настай Н-ийг хөнөөн, түүний эгч 12 настай О-г хүчирхийлж, мөн бүрэлгэхийг завдан хүнд гэмтээсэн. Баянгол дүүргийн шүүх уг хэргийг өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд анхан шатны журмаар хянан хэлэлцээд П.Сумъяажав, Д.Бямбадорж нар насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдэж, нэг хүний амь насыг хөнөөж, нөгөөг нь бүрэлгэхийг завдсан гэм буруутай нь нотлогдсон хэмээн үзэж 15 жил хорих ял ногдуулсан байна.
Нийслэлийн шүүх уг хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд 2009 оны долдугаар сарын 9-нд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, тэдэнд оноосон ялыг өршөөжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд “Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн 18 насанд хүрээгүй ялтны шүүхээс оноосон ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан байдаг.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд насанд хүрээгүй байхдаа бага насны хүүхэд хөнөөсөн П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт ногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлснийг хэвээр үлдээв.
Г.РАВЖАА