Ер нь Ерөнхийлөгчийн ч бай, УИХ-ын ч бай, бүх шатны сонгуулийн жилийн эхний хагаст парламентаа албан ёсоор амраачихвал таарна. Хууль тогтоогчид нь хүссэнээрээ улстөржиж, шоудаж, сонгуулийн сурталчилгаандаа хөл хөнгөн гүйнэ биз. Ингэвэл тэд ядаж л төрийн эрх барих дээд байгууллагын хүндэт индрийг сонгууль угтсан харалган шийдвэрүүддээ ашиглаж чадахгүй. Ажиллаж байгаа, хуралдсан нэрийн дор “сонгуулийн хууль” үйлдвэрлэж, хүний нүд хуурч байхаар хэсэг хугацаанд завсарласан нь хэн хэндээ, хаана хаанаа өлзийтэй.
Жишээ нь, энэ долоо хоногт УИХ ажиллахгүй, хэдэн ажлын хэсэг хуралдсан болоод өнгөрөх нь. Байнгын хороодын болон нэгдсэн хуралдааныг огт төлөвлөсөнгүй. Ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үндсэндээ өндөрлөх тул эрх баригч намаас сонгогдсон гишүүдэд даргаа магтах зав, чөлөө гаргахын тулд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг зориуд “цонхолж” байгаа нь энэ. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд парламентын ээлжит чуулганаар ажиллах хоногийн тоог нэмэгдүүлж, 75-аас доошгүй ажлын өдөр байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-наас эхэлж, долдугаар сарын эхээр буюу наадмын өмнө хаагдах учиртай. Харин энэ хугацаандаа ийм маягаар хуралдсан нэр зүүж, долоо долоо хоногоор “амарч” байна. Зөвхөн энэ удаагийн чуулганы тухайд гэхэд хатуу хөл хориотой холбоотойгоор хуралдаагүй тохиолдол нэг бус бий.
УИХ-ын гишүүд улс төрийн албан тушаалтан тул сонгуулийн сурталчилгаанд оролцож болох талаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан. Гэхдээ уг хуулийн 43.2-т “Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний ерөнхий менежер, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэх заалт бас байгаа. Гэвч МАН-ын гишүүд даргынхаа, намынхаа нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд зөвхөн оролцоод зогсохгүй, тойрог тойрогтоо түүний кампанит ажлыг удирдан явуулж байна гэж болохоор буй. Нэгэнт У.Хүрэлсүхийг хувилж, олшруулж болохгүйгээс хойш сурталчилгааны 15 хоногт 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж чадахгүйгээс хойш намаас сонгогдсон гишүүд нь нэр дэвшигчийн элч, бие төлөөлөгч болон тойрог тойргоо тойлохоос өөр аргагүй гэсэн үг. Тухайлбал, гишүүн Ш.Раднаасэдийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг нээж хэлсэн үг цахим орчинд нэлээд анхаарал татсан. Тэрбээр “Алтайгаа, ээжийгээ, нутгаа бодож зургаан жил зүтгэх Төрийн тэргүүний сонгууль эхэллээ. Халиун гүүний унагыг улс төрийн наадамд алтайчууд түрүүлгэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Ээжийнх нь оронд ээж болох нутгийн зон олон минь, намчирхсан биш, нутгархсан сонголтоор нутгийн хүүгээ дэмжээрэй” гэж хэлээд нутгийн зүг хөлгийн жолоо залсан бөгөөд Говь-Алтай аймгийн сумдаар тойрон ажиллаж, ажлын тайлан тавьж, иргэд, сонгогчдын үгийг сонсох нэрээр У.Хүрэлсүхийг сурталчилж явна. Ажлын тайлангаа ээлжит чуулганы завсарлагаар тавих бичигдээгүй дүрэмтэй ч иргэд, сонгогчдынхоо үгийг сонсоно гэдэг нь сонгуулийн энэ үед сурталчилгаа хийх өнгөлөн далдлалт болж байгаа нь нууц биш ээ.
УИХ-ын гишүүн тойрогтоо ганцаараа ажилладаггүй. Голчлон хийсэн, түлхүү хийх гэж байгаа ажилтайгаа холбоотойгоор аль нэг яам, агентлагийн дарга, ядаж л мэргэжилтнийг нь авч очоод яриулдаг. Төрийн мөнгөөр бүтээж буй ажлын хөлсийг халааснаасаа гаргачихсан юм шиг, магадгүй энэ үед У.Хүрэлсүх, түүний тэргүүлсэн Засгийн газрын үед хийсэн хэмээн ярьж байгаа нь лав. Нөгөө талаас төрийн түшээг түмэн хүн угтаж, дагалдана. Орон нутгийн түвшинд өдгөө олон аймгийн Засаг даргаар МАН-ынхан ажиллаж байгааг хэлэх үү, Тамгын газрынхан гишүүний томилолтод тэр чигээрээ дайчлагддаг жишгээс гажихгүй. Засаг дарга нь дагуулаад аль нэг сумд очно. Очсон газрынх нь дарга, удирдлага ч тэр чигээрээ хөл хөдөлгөөнд ордог шүү дээ. Тэгж яривал аль ч сонгуулиар “төрийн” гэх тодотголтой болон нутгийн өөрөө удирдах бүх байгууллагын тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах нь хориотой. Гэтэл Засаг дарга, Тамгын газрыг дагаж яваа бусад дарга, эрхэм гишүүнтэй хамт тэднийг угтах сумын удирдлагын унаж, хэрэглэж буй нь ч төрд данстай байгаа.
Үнэндээ сонгуулийн кампанит ажлын хамаг “хүнд”-ийг, нэн эртнээс үүрч, хэрэгжүүлж ирдэг нь хууль тогтоогчид. Өөрөөр хэлбэл, тэд парламентын танхимын дотор ч, гадна ч сонгуулийн тоглолт хийж, хууль тогтоох онцгой бүрэн эрхээ ялалтын гол хөзөр болгон ашигладаг. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахдаа Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа “хар жагсаалт”-ын мэдээлэлд тохируулга хийж, дахин зээл авахад нь дэмжлэг үзүүлэхээр болсноо мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, 71 мянган иргэний муу (хугацаандаа зээлээ төлөөгүй, хоцорсон, зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй) зээлийн “хар жагсаалт”-ын мэдээллийг харагдахгүй болгоно гээд амлачихлаа. Энэ хэрээр хүлээлт үүсэж буй хэрэг. Өмнөх өдөр нь тэр банк санхүүгийн салбарынхантай уулзсан.
Мөн өнгөрсөн бямба гарагт соёл, урлагийн салбарынхны зөвлөгөөнд дуудагдсан ч тэр нь МАН-ын нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт байсан тухай нэгэн иргэн цахим хуудсандаа бичсэн байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл хилийн чанад дахь монголчуудтай өнгөрсөн баасан гарагт цахим уулзалт хийв. Мэдээж тэр шууд манай намын даргыг дэмжээрэй гэж хэлэхгүй ч Засгийн газрын бодлого, үйл ажиллагаагаа танилцуулахдаа цар тахлыг богино хугацаанд даван туулах, хилийн чанадад гацсан иргэдээ эх оронд нь авчрах, цахим шилжилт, “Е-Mongolia” гэх мэт гялайж, гялтайх ажлынхаа талаар ярьсан юм. Гадаадад байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтдаа өчигдөр оролцсон бөгөөд үүний өмнө эл уулзалтыг зохион байгуулсан нь ч учиртай биз. Засгийн газрын тэргүүний хувьд спортын салбарынхантай тусгайлан уулзсанаас гадна өнгөрсөн долоо хоногийн турш нийслэлийн Засаг даргыг дагуулан дүүргүүдэд ажилласан бөгөөд үүнтэй зэрэгцэн УИХ Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулсан нь санамсаргүй хэрэг биш ээ. Засгийн газрын гишүүн, сайд нар ч тал тал тийш томилогдон ажиллаж буй бөгөөд Ерөнхий сайд зүүн гурван аймагт, Шадар сайд говийн бүсэд томилолтоор явж, отроор яваа малчидтай хүртэл уулзаад ирсэн юм.
Нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд хоёр хувиар бууруулах шийдвэр гаргаснаа УИХ сурталдахын зэрэгцээ залуу гишүүд нь хоёр, гурваараа хамтран сонгууль нэвт үнэртүүлсэн хуулийн төсөл санаачилснаа ээлж дараалан ярьж явна. Тухайлбал, гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл санаачилсан. Ингэхдээ зургаагаас дээш хүүхэдтэй өрх орон сууц худалдан авах бол урьдчилгааг нь төр даахаар төсөлдөө тусгаснаа онцолж байлаа.
Ийнхүү төрийн эрх барих дээд байгууллагаас авхуулаад дунд, доод бүх шатанд, хот, хөдөө гэлтгүй хэн эрх барьж байгаа нь төрийн “машин”-ыг тэр чигт нь хөдөлгөж, өөрсдийнхөө төлөө үйлчлүүлж байна. Үе үеийн эрх баригчид ийм маягаар ажиллаж, кампанит ажлаа явуулж, өөрсдөдөө давуу байдал, бусдадаа тэгш бус боломж үүсгэж ирсэн билээ.