“Иргэдийн шударга шүүх” ТББын тэргүүн Х.Бат-Ялалт, Улс төр менежментийн академи, Чингисийн Монголын залуучуудын холбоо. Монголын чөлөөт хуульч, өмгөөлөгчдийн холбооныхон хамтран өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 18-нд Лондоны шүүх Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцын асуудлыг хэлэлцээд Германы талд шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэр нь Монгол Улсыг хэт дорд үзсэн, төрийн өндөр албан тушаалтныг үл хүндэтгэсэн, басамжлан доромжилсон шийдвэр гэж үзэж байгаагаа төрийн бус байгууллага, холбооны удирдлага мэдэгдлээ.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтаас зарим зүйлийг тодрууллаа.
-Интерполоор эрэн сурвалжилж байгаа хүнээ тухайн оронд нь мэдэгдэх хууль байхгүй. Европын холбоо хууль зөрчөөгүй гэдгээ гаднын сайтуудад мэдээлсэн байна лээ. Та бүхэн ямар үндэслэлээр Английн шүүхийг буруутгаж байгаа юм бэ?
-Б.Хурцыг саатуулсан цаг хугацааг бодоод үзээрэй. Яагаад 2003 онд болсон үйл явдалтай холбогдуулан 2010 онд түүнийг саатуулж байгаа юм бэ. Төрийн өндөр албан тушаал хашиж байхад нь хууран мэхлэх замаар Лондонд аваачсан.Түүнээс гадна Английн хөрөнгийн бирж манайд үйл ажиллагаа явуулах гэж байна. Мөн уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажиллах гэж байгаа цаг үе давхцаж байна шүү дээ. Энэ бүгдийг зүгээр нэг тохиолдол гэж үзэх аргагүй юм.
Саатуулагдаад байгаа хүн хэн байх нь бидэнд чухал биш. Хамгийн гол нь монгол хүнийг дорд үзсэн, басамжилсан өнгө аястай шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна гэв. Хурал зохион байгуулагчид Английн ЭСЯ-нд очиж эсэргүүцлээ илэрхийлж, шаардлага хүргүүлэхээр явсан юм. Уг шаардлагад “Англи улс монголчуудыг дорд үзэхээ боль. Нөхцөл байдлын талаар мэдээл. Монгол Улсын бүрэн эрхт төлөөлөгч Б.Хурцыг нэн даруй сулла. Энэхүү шаардлагыг эс биелүүлбэл тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно” гэжээ.
Баянзүрх дүүрэгт байрлах тус улсын ЭСЯ-ны гадаа очтол “Цайны цаг болсон тул шаардлагыг 30 минутын дараа авах боломжтой” гэсэн хариу өглөө. ЭСЯ-ны гадаа Б.Хурц, түүний эхнэр Ү.Сарнайгийн ах дүүс, найз нөхөд нь ирсэн байв. Тэд суллахыг шаардсан лоозон барьж, “Монгол Улс иргэнээ авъя”, “Б.Хурцыг сулла” гэж чанга яригчаар хэлж байв
Б.Хурцын үеэл Т.Аминатай цөөн хором ярилцлаа.
-Ахынхаа талаар ямар мэдээлэл авсан бэ. Английн шүүх шийдвэрээ өөрчилнө гэдэгт итгэж байна уу?
-Миний ахыг батлан даалтад гаргах ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн байна лээ. Эхнэр нь энэ сарын 2-нд төрж, нялх хүүхэдтэйгээ нөхрөө хүлээж сууна. Хурц ах эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэн, хоёргүй сэтгэлээр ажилладаг байсан. Тушаал биелүүлснийхээ төлөө гэмт хэрэгтэн болох учиргүй. Тушаал биелүүлсэн нэгнээ хамгаалж чадахгүй, шоронд суулгаад байвал хэн төрдөө үнэнч байх юм бэ.
Шүүхийн шийдвэр ингэж гарсанд үнэхээр их харамсаж байна гэв. ТББ-ууд долоо хоногийн өмнө санал асуулга явуулж “Хэрвээ та Б.Хурцын оронд байсан бол яах вэ” хэмээн иргэдээс асуухад 80 хувь нь тушаал биелүүлнэ гэж хариулжээ. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан ирэх сарын 3-нд Английн шүүхийн шийдвэрийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах болсноо энэ үеэр мэдэгдлээ.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Сансар дахь тасгийн дарга, дэд хурандаа цолтой эрхэм ирж, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг жагсагчдад сануулав. ЭСЯ-ны завсарлага дуусаж Х.Бат-Ялалт шаардлагаа оруулж өглөө. Элчин сайдын яамны ахлах ажилтан гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй шаардах хуудсыг авч, хэлэлцүүлэгт оролцохоо мэдэгджээ.
Б.Хурцын эхнэр Ү.Сарнайгийн найз нэгэн бүсгүй “Миний найз хөл хүндтэй байсан ч нөхөртөө сэтгэлийн дэм өгнө гээд хоёр настай хүүгээ дагуулан Лондон явсан. Шүүхийн шийдвэрийг хүлээсээр саяхан амаржлаа. Найз маань тэнд харж хандах хүнгүй хүнд байдалд байна. Ядаж байхад хүүхдийг нь харж байсан хүний визийг сунгахгүй гэдгээ тус улсын холбогдох албаны түшмэл хэлсэн гэсэн.
Дунд сургуулийн хоёр хүүхэд нь энд бэтгэрч гүйцлээ. Нэг айлын амьдралыг самарч байна”гэв. “Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд ямар байдаг нь үүнээс харагдаж байна. Төрийн тусгай албан тушаалтныхаа эрх ашгийг хамгаалж чадахгүй төр засаг байх хэрэг байна уу. Засгийн газар хангалтгүй ажиллаж байна” гэж хэлэх хүн цугларагсдын дунд цөөнгүй байв.
Х.ОЮУНСҮРЭН