Аялал жуулчлалын зочлох үйлчилгээний салбарын ажил үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж, цахим хэлбэрт шилжүүлэн, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв”-өөс “Цахим Улаанбаатар” аяныг санаачлан зохион байгуулахаар болжээ. Тус аяныг гурван сарын хугацаанд зохион байгуулах бөгөөд аялал жуулчлалын зочлох үйлчилгээний салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхэлж байгаа аж.
Ташрамд дурдахад, манай улсыг зорин ирж байгаа жуулчдын 90 хувь нь нийслэлээр дамжин өнгөрдөг гэнэ. 2019 онд 570 мянган жуулчин ирж, аялал жуулчлалын салбараас улсын төсөвт 7.3 тэрбум төгрөгийн татварын орлого нэмэгдүүлсэн бол 2020 онд 5.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.