Өчигдрийн нэгдсэн хуралдааны ирцэд 41 гишүүн бүртгүүлснээр цахимаар эхлэв. Эхлээд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлж байгаа тул ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөхөөр уг төслийн хүрээнд ярилцаж буй. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын хэлснээр нийгмийн даатгалын шимтгэлийг ийн хоёр хувиар бууруулах нь эхний ээлжийн арга хэмжээ бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдээ ажилтай, орлоготой байлгах, цаашид халамжаас ажил хөдөлмөр лүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн багц хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд бэлэн болсон аж.
Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Энэ нь эхэнд дурдсан төсөлтэй холбоотой бөгөөд ажил олгогч болон даатгуулагчийн төлөх шимтгэлээс гадна сайн дурынхны төлбөл зохих доод хэмжээг долдугаар сарын 1-нээс 11.5 хувь болгон бууруулахаар байгаа юм. Ингэснээр улсын төсөвт 94 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай болох юм байна. Гэхдээ төсвийг тодотголгүйгээр Коронавируст халдвар (“Ковид-19”)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд үүнийг шийдвэрлэх боломжтой гэж холбогдох яамдынхан саналаа илэрхийлжээ.
Мөн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлттэй танилцав. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлтийг Цэц гаргасан бол үүнийг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах ёстой. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авдаг ч санал хурааж, шийдвэр гаргадаггүй. Дүгнэлтийг Цэцийн гишүүн Г.Баясгалан цахимаар уламжилсан юм. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14.1-т “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална” гэж заасан нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн холбогдох заалт, 16.17 дахь заалтыг зөрчсөн, эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, “Эцэг хууль”-ийг зөрчөөгүй гэж дүгнэсэн билээ. Үндсэн хуулийн 1.2-т “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 16.17-д “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” хэмээн заасан байдаг.
Энэ өдөр Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн хэлэлцэн дэмжсэн. Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Д.Ганбат “Ийм чухал асуудлын талаар би ганцаараа асуулт тавьж байгаа нь харамсалтай. “Аз жаргалтай Улаанбаатар” байгуулна гэсэн хаана байна вэ. Одоо түр хороо байгуулаад, нэг, хоёр жилийн дараа байдал өөрчлөгдөнө гэдэгт эргэлзэж байна. Та нар ээлжит хууралтаа л хийж байгаа шүү дээ. Өнгөрсөн хугацаанд танай баян гишүүд л сайхан амьдарсан. Харин Улаанбаатар хотын иргэд хэцүүхэн аж төрж байгаа. Гэр хороолол ямар байгааг хар л даа. Камер тавина л гээд байгаа болохоос биш, гэрэлтүүлэг гэхээр юм алга. Та нар 2024 оны сонгуулиар луйвар хийхгүй бол дахиад сонгогдохгүй” гэхэд гишүүн Ж.Сүхбаатар “Аз жаргалтай байя гэдэг нь буруу биш ээ. Аз жаргалтай амьдаръя гэдэг нь бидний тэмүүлэл. Та 2024 оныг яриад яах вэ, өнөөдрөөрөө байя. Тогтоолын төсөл санаачлагчид өөдрөг байгаа, төлөвлөлтөө одоо шийдэхгүй бол 2024 онд та гараад ч хийж дийлэхгүй” хэмээн хариулсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар “АН-ын, МАН-ын Улаанбаатар гэж байхгүй. Өөдтэй, өнгөтэй болгохын тулд хамтарч ажиллах хэрэгтэй” гэж хэлээд амжина лээ. Мөн гишүүн Д.Тогтохсүрэн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, “Улаанбаатарт тулгамдсан асуудал их байна. Агаарын болон орчны бохирдол, нийгэм, эдийн засгийн асуудал гээд зайлшгүй шийдэх олон зүйл бий” хэмээсэн бол гишүүн Ж.Мөнхбат “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ яаралтай хэлэлцэн батлах ёстой. 2016 оны намар төслийг нь өргөн барьсан шүү дээ. Ингэж байж Д.Ганбат гишүүний хэлсэн нь хэрэгжинэ. Улаанбаатарыг удирдах хугацаандаа МАН алдаа, оноотой шийдвэрүүд гаргаж ирсэн” гэж байлаа.
Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, тус тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Харин техник зарим үед гацаж, саатаж байгаа учраас гар өргөж санал хураая гэсэн гишүүн Ц.Мөнх-Оргилын саналыг олонх нь дэмжив. Мөн гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул гишүүн Х.Нямбаатар анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэснийг бусад нь хүлээн авав.