СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨГЧИД ХЭЗЭЭ “НҮҮР ТУЛАХ” ВЭ
“Зөв хүн электорат” эвслийнхэн мэтгэлцээн зохион байгуулах албан бичгийг МАН болон АН-д хүргүүлсэн ч одоогоор хариу ирүүлээгүй байгааг Сонгуулийн штабынхнаас нь сонсов. Юутай ч нэр дэвшигчид мэтгэлцэх, эсэх нь тодорхойгүй байгаа бололтой. Сонгуулийн сурталчилгаа дуусахад 10 хоног үлдээд байна. Нэр дэвшигчид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэдтэй уулзахаар шахуу хуваарь гаргаж, үүнийхээ дагуу ажиллаж буй. Тэд ийм давчуу цаг хугацаанд 2.2 сая гаруй сонгогчид өөрийгөө таниулж, юуг, яаж, хэрхэн хийж, ямар үр дүнд хүргэхээ ойлгуулна гэдэг нь юу л бол. Тэгээд ч “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор олон талын хязгаарлалтын доор тэд сурталчилгаагаа хийж буй энэ үед мэтгэлцээн зохион байгуулах нь нэр дэвшигчдийн хувьд ч том боломж, бага зардлаар өөрийгөө таниулах арга гэж ч хэлж болно.
…Харин 2017 оны сонгуулиар нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулах ажлын хэсэгт МАН-аас одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАХН-аас Б.Тулга, АН-аас О.Магнай нар багтаж, нэг биш, нэлээд хэдэн удаа мэтгэлцээн хийнэ гэж урьдаас ярилцсан ч тохироо нь бүрдээгүй явсаар ганцыг зохион байгуулжээ…
Нөгөө талаас мэтгэлцээн бол нэр дэвшигчдийг нэг дороос “тольдох” боломжийг сонгогчдод өгдөг, улс төрийн соёлын нэгэнт тогтсон хэлбэр. Энэ нь сонголтоо хэрхэн хийх шийдвэр гаргахад тустай гэдгийг сонгогчдын боловсролын чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагынхан ч тодотгож байна. Учир нь нэр дэвшигчдийг харьцуулах, тэд юу амлаж байгааг цааснаас биш, өөрийнх нь амнаас сонсох, үнэхээр бодлого ярьж байна уу, эсвэл “попрогч” уу гэдгийг ялгаж, зөв сонголт хийхэд нь чиглүүлдэг гэдэг.
Удахгүй сонгогдох Ерөнхийлөгч нь улсын эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлыг зургаан жилийн турш хангаж ажиллах, улсаа гадаадад төлөөлөх, зарим тохиолдолд санал болгосон шүүгч, прокурорыг томилж, чөлөөлөх, цол, одон, медаль олгох, хууль санаачлах бүрэн эрхтэй. Түүнчлэн өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллах, уучлал үзүүлэх эрхийг нь Үндсэн хуулиар олгосон. Ийм хариуцлагатай албанд сонгогдох хүн ямар бодлого баримтлах вэ, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх боломжтой вэ, биеийн хэлэмжээрээ үүнийгээ бататгаж байна уу, өрсөлдөгчийн өгч буй амлалт, ярьсан зүйл нь тийм учраас биелэх боломжгүй гэдгийг тайлбарлаж чадаж байна уу гэдэгт дүн шинжилгээ хийх боломжийг мэтгэлцээн л олгоно.
ШИНЭ ЖИШИГ-ФАКТ ЧЕК
Мэтгэлцээн нь маш олон төрөлтэй, нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр ч энэ нь арвижсаар байгаа. Оролцогчдын тоо, юуг зорилгоо болгож байна вэ гэдгээс шалтгаалж ерөнхийд нь Линкольн Дугласын, бодлогын, Карл Попперын (холимог), парламентын гэж ангилдаг. АНУ-ын 1958 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн А.Линкольн, С.Дуглас нарын хооронд анх удаа халз мэтгэлцээн зохион байгуулснаас хойш Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн гэсэн төрөл бий болсон гэж үздэг аж. Хамгийн гол нь талууд дүрмээ урьдчилан тохирч, хэрэв тодорхой асуудлаар эсрэг байр суурьтай бол мэтгэлцэх буюу шийдэл дэвшүүлж, түүнийгээ нотлон, гаргалгааг үндэслэлтэйгээр тайлбарлаж, өрсөлдөгчөө няцаах замаар өөрийн байр суурийг “хүчтэй” болгодог байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн нь тодорхой асуудлыг шийдвэрлэх бодлого дэвшүүлдгээрээ онцлогтой. Бусад улсад, тухайлбал, АНУ, БНСУ, Францад Ерөнхийлөгчийн сонгуулиар 3-4 удаа (заримдаа бүр зургаа хүртэлх) халз мэтгэлцэж, мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх шийдэл болоод улсын өмнө тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, өрсөлдөгчийнхөө нотолгоог няцаан, өөрийн үндэслэлээ давуу гэдгийг харуулдаг. 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнийг давхардсан тоогоор 100 сая орчим иргэн нь үзсэн бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас нь нэр дэвшигчийн хэлсэн үгэнд факт чек буюу баримт нягтлах аргыг ашиглан, үнэн, худал, эсэхийг нь тогтоон, дамжуулж байв. Тус улсын Пенсильван муж улсын 30-40 насны залуусын дунд явуулсан судалгаагаар тэдний 70 хувь нь мэтгэлцээнийг сонголт хийх гол түлхүүрээ болгодог гэж хариулжээ. Түүнчлэн сонгогчдын гуравны хоёрынх нь санаа бодолд мэтгэлцээн нь ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлдгийг ч судалгаагаар тогтоосон байна.
АНУ-ын “Newsweek” сэтгүүлийнхэн өнгөрсөн сонгуулиудын дүнд анализ хийж, “Эхний мэтгэлцээнд ялсан нь дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогддог” гэсэн “бичигдээгүй хууль” ч бий болсныг онцолжээ. Зарим улс халз мэтгэлцэхийг Сонгуулийн тухай хуульдаа тусгаж, улсаас хөрөнгө төсөвлөж, эртнээс бэлдүүлдэг гэнэ. Ингэхдээ нам бүрийн төлөөлөлтэй, хараат бус, ашгийн төлөө бус хороо байгуулж, мэтгэлцээн зохион байгуулах ажлыг хариуцуулдаг бол зарим тохиолдолд Хэвлэл мэдээллийн холбооноос нь санаачлан явуулдаг ч жишиг бий аж. Манай УИХ-ын зарим гишүүн Төрийн тэргүүнээ сонгох сонгуулийн үеэр мэтгэлцэх нь чухал гэж байр сууриа илэрхийлдэг ч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахад энэ талаар огт дуугараагүй.
МЭТГЭЛЦЭЭН ҮҮ, ЯРИЛЦЛАГА УУ
Манай улсын анхны Ерөнхийлөгчийн сонгуулийг 1993 онд зохион байгуулсан. П.Очирбат, Л.Түдэв нар уг сонгуульд өрсөлдөж, МҮОНТ тэдний дунд анх удаа халз мэтгэлцээн хийжээ. Үүнийгээ шууд дамжуулсан бөгөөд үзэгчдийн асуултад хариулах хэлбэрээр явуулсан аж. Түүнээс хойш алгасалгүй буюу 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мэтгэлцээнийг мөн л үзэгчдийн асуултад ээлжлэн хариулах хэлбэрээр МҮОНТ зохион байгуулжээ. Эдгээрээс 2013, 2017 оны мэтгэлцээний дүрс бичлэг нь интернэтэд хадгалагдсан бол бусдыг нь дээрх телевизийн архиваас л олж үзэх боломжтой юм байна.
2013 оны буюу Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, С.Удвал нарын оролцсон мэтгэлцээнийг тус телевизийн сэтгүүлч Б.Оюунчимэг, Б.Баярсайхан нар хөтөлж, иргэдээс ирүүлсэн 373 асуултаас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд тайлбарлах боломжтойг нь сонгосон бөгөөд сонгуулийн штабын ажиглагч нар энэ үеэр нь байлцсан гэнэ. Мэтгэлцээний эхэнд болон төгсгөлд нэр дэвшигчдэд тус бүр нэг минут оноож, нээлтийн болон хаалтын үгээ хэлэх боломж олгожээ. Сугалааны үндсэн дээр нэр дэвшигчид зогсох дарааллаа сонгосон бөгөөд эхний асуултад нэгдүгээрт, удаахад нь хоёрдугаарт зогсож буй нэр дэвшигч түрүүлж хариулах замаар явуулсан аж. Энэ нь угтаа мэтгэлцээн биш, асуултад хоёр минутад багтаан хариулах ёстой, олон оролцогчтой ярилцлага байжээ. Үүнийгээ сэтгүүлч Б.Оюунчимэг эхэндээ тодотгож хэлсэн байна. Тиймээс ч өрсөлдөгчийн хэлсэн санаа, байр суурийг няцаах, улмаар өөрийн хэрэгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөрийг илүү оновчтой, бодитой гэж нотлон харуулах байдал ажиглагдаагүй.
Харин 2017 оны сонгуулиар нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулах ажлын хэсэгт МАН-аас одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАХН-аас Б.Тулга, АН-аас О.Магнай нар багтаж, нэг биш, нэлээд хэдэн удаа мэтгэлцээн хийнэ гэж урьдаас ярилцсан ч тохироо нь бүрдээгүй явсаар ганцыг зохион байгуулжээ. Тухайн үед Монголын телевизүүдийн холбоо мэтгэлцээнийг 10 гаруй сувгаар шууд дамжуулах боломжтой гэж мэдэгдсэн ч эцэстээ зөвхөн МҮОНРТ-ээр нэвтрүүлсэн аж. Тус телевизийнхэн нэр дэвшигчдийн менежертэй гэрээ байгуулж, мөн мэтгэлцээнийг зохион байгуулах журмыг хамтран баталснаар иргэдээс ирүүлсэн, мөрийн хөтөлбөрт болон хувь нэр дэвшигчид чиглэсэн агуулга бүхий асуултуудыг сонгожээ. 2013 оныхтой адилаар асуулт бүрт хоёр минутын турш ээлжлэн хариулах байдлаар буюу ярилцлага хэлбэрээр л зохион байгуулаад өнгөрч.
Мэтгэлцээнийг хэчнээн хүн үзсэн, сонгогчдын санаа бодолд хэр нөлөөлсөн, эсэх талаар манайд судалгаа хийгээгүй аж. Иргэд Ерөнхийлөгчийн чиг үүргийг сайн мэдэхгүй тул Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах асуулт тавих нь аргагүй, харин зохион байгуулагчдын хувьд үүнд шүүлтүүр хийж, сонгогчдод үнэн, зөв, бодитой мэдээлэл өгөх ёстой байсан гэж 2017 оны мэтгэлцээний талаар зарим судлаач шүүмжилсэн удаатай.