2008 оны долдугаар сарын 1-нд нийслэлд болсон эмх замбараагүй байдлын үеэр бэртсэн цагдаагийн ажилтнууд авсан гэмтлээсээ болж группт орж, ажлаа арга буюу орхисон, нэг нь саяхан нас барсан талаар бид мэдээлсэн. Цагдаагийн алба хаагчид төр засагт хандаж, анхаарч үзээч хэмээн хэвлэлийн хурал хийж, зарим нь хэвлэлд ярилцлага өгсөн юм. Тэгвэл төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж явсан офицер эмэгтэйн бие муудаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Тухайн үед Эргүүл хамгаалалтын газар, өдгөө НХЭГ-т ажиллаж буй ахмад В.Энхцэцэг 2008 оны долдугаар сарын 1-нд тархиндаа гэмтэл авсан аж. Тэрбээр МАХН-ын төв байрны үүдэнд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаад хэн нэгний шидсэн том чулуунд оногдож, толгойдоо гэмтэл авчээ. Тухайн үед Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн эмч нар гэмтлийг хөнгөнд тооцсон байна. Гэвч тэрбээр унаж татдаг, байнга толгой нь өвддөг болсон гэнэ. Түүнтэй уулзахаар өчигдөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт очиж, тасагт нь орвол Нэргүй гэх эмэгтэй сахиж, биеийн байдал нь тааруухан байлаа.
Ирсэн учраа хэлбэл, ахмад В.Энхцэцэг “Ярих ч тэнхэл алга, бие дээрдвэл ярилцлага өгье” гэсэн юм. ТТАХНЭ-ийн эмч нараас түүний биеийн байдлын талаар лавлахад “Өвчтөн толгойн өвчнөө намжаахын тулд маш хүчтэй эм хэрэглэдэг болсон юм байна. Уг эм ходоодонд нь нөлөөлж манайд ирсэн. Бид зохих эмчилгээ хийж байгаа. Өвчтөн долоо хоногийн өмнө хэвтсэн” гэлээ. 2008 оны долдугаар сарын 1-ний эмх замбараагүй байдлын үеэр ЭХГ-ын 18 эмэгтэй алба хаагч МАХН-ын байрны хамгаалалтад ажилласан юм байна.
Энэ үеэр 1300 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэдний 100 орчим нь эмэгтэй байжээ. ЭХГын эмэгтэй алба хаагчдаас хамгийн хүнд гэмтсэн нь В.Энхцэцэг бөгөөд нэр бүхий 10-аад алба хаагч хөнгөн гэмтсэн гэж тус газрынхан хэллээ. “Энэ олон хүнээс цөөн хэд нь гэмтэл бэртлээ хэлж, зарим нь эмнэлэгт хандаж байгаа бол өвчнөө нуун, ажлаа хийж байгаа олон хүний ирээдүй бүрхэг байна” гэдгийг цагдаагийн удирдлагууд ярьж байна. Түүгээр ч зогсохгүй дөрвөн хүнийг буудсан хэмээн буруутгагдаж Ганцхудагт хоригдсон цагдаа нарын шарх сэдэрч байсан бөгөөд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныханд эмчлүүлэх хүсэлт тавихад хүлээж аваагүй гэдгийг тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан ШШГА-ны хүмүүс ярьдаг.
“Албан үүргээ гүйцэтгэж яваад гэмтэл авч, улмаар амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохироод байгаа цагдаагийн алба хаагчдыг төр анхаарахгүй, нэгэнт хаасан хавтаст хэргийг сэргээн, ялын зүйлчлэлийг тав дахь удаагаа өөрчилж, заавал яллахаар улайрч байгаа нь хачирхалтай” хэмээн зарим хүн өгүүлэв. УЕП-ын дэргэдэх МБА-ныхан “Бид ажлаа л хийж байгаа. Бидний хууль зөрчиж байгаа эсэх нь хамаагүй. Прокурорын гаргасан аливаа шийдвэрийг дээд шатны прокурорт нь хандаж шийдвэрлүүлж болно. Улсын ерөнхий прокурорт дээд шатны прокурор байхгүй учраас шийдвэрийг хэн эсэргүүцэх вэ дээ” хэмээж буй юм.
Г.РАВЖАА