Баттай эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн хоёр тун хүнд байдалд орсон гэнэ. Учир юу гэвэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар гаруйн өмнө УИХ-ын нэр бүхий гишүүн вакцинжуулалтад саад болж байгааг хэлсэн. Улмаар Засгийн газрынхаа 100 дахь хоног дээр сэтгүүлчдэд С.Одонтуяа, түүний гэр бүл гэдгийг зарласан юм.
Харин С.Одонтуяа “Ерөнхий сайд биднийг гүтгэлээ” гээд 100 сая төгрөг нэхэж, Хан-Уул дүүргийн Иргэний шүүхэд хандана гэж мэдэгдсэн. Түүний нөхөр Г.Өлзийбүрэн нь Хан-Уул дүүргийн Иргэний шүүхийн хоёр ч шүүгчид өмгөөлөгч Б.Баасанцогтоор дамжуулаад авлига өгсөн. “Ариг” банктай холбоотой асуудлаар дээрх үйлдлийг хийсэн гэдэг мэдээлэл байдаг.
Ийнхүү С.Одонтуяаг 100 сая төгрөг нэхэж, шүүхэд хандсаны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн АТГ-т хүсэлт гаргажээ. Тэрээр энэ хоёр эрхмийн үйлдсэн гэх зургаан хэргийг шалгуулахыг хүссэн байна.
Бүр тодорхой хэлбэл, С.Одонтуяа, Г.Өлзийбүрэн нарыг хууль бусаар вакцины бизнес эрхлэхийн тулд вакцинжуулалтад саад хийхийг оролдсон, өмгөөлөгч Б.Баасанцогтоор дамжуулж шүүгч нарт авлига өгсөн, гаалийн байцаагч нарт нөлөөлж, улсын хилээр хууль бусаар татваргүйгээр бараа бүтээгдэхүүн оруулсан, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотойгоор лицензийг хууль бусаар эзэмшсэн, “Оюутолгой”, “Эрдэнэс Монгол” зэрэг компани, ТӨҮГ-уудын худалдан авах ажиллагаанд нөлөөлсөн, тэдгээрийн удирдлагаас хувийн данс руугаа мөнгө шилжүүлж авсан, дүүргүүдийн зарласан тендерт нөлөөлж, хамаарал бүхий этгээдүүд нь тендер авсан зэргийг шалгуулахаар ханджээ.
С.Одонтуяа, Г.Өлзийбүрэн хоёр эдгээр асуудлаас болж буруутах магадлал өндөр ажээ. Нэг талаар С.Одонтуяа, түүний нөхөр хоёр ийм их асуудалтай байж гэмгүй хүмүүс шиг шүүхэд нэхэмжлэл гаргасан нь алдаа болов. Хэрвээ ингээгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дуугүй өнгөрөх ч байсан юм бил үү.
Нөгөө талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд 2016 онд УИХ-д орж ирснээсээ хойш олон том “зодоонд” оролцсон. Сул гишүүнээс Ерөнхий сайдын албан тушаалд хүрэх хүртлээ М.Энхболд, “сахал” Д.Эрдэнэбилэг, Б.Хурц нараас эхлээд авлига хууль бус үйлдлүүдтэй холбогдсон шүүхийнхэн, өмгөөлөгч нартай ана мана үзэлцсэн гээд ер нь л олон тэмцэл хийсэн. Одоогоор ялагдал хүлээсэн нь үгүй. Тэгэхээр С.Одонтуяа, Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хэний ялалтаар дуусах нь тов тодорхой болов уу. Товчхондоо, УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс 100 сая төгрөг нэхэж байж өөрийгөө ороочихлоо.
С.Дамдинбаяр