Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, төслийн хүрээнд шинээр барьсан. Улмаар энэ орон сууцын барилгуудын дунд барилга барих зөвшөөрөл авсан “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалжээ. Учир нь тус газарт нүх ухаж, орц хааж, барилга барихыг эсэргүүцсэн оршин суугчид хотын даргад хандаж гомдол гаргасан юм. Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд тус газарт очиж “Барилга бариулахгүй” гэх байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж барих уу, эсвэл хүүхдийн тоглоомын талбай барих уу гэдгийг иргэдийн саналыг үндэслэн шийдэх хэрэгтэй гэсэн юм. Үүний дараа дээрх газрын захирамжийг хүчингүй болгосон билээ. Тэгвэл өнөөдрөөс уг газарт тохижилтын ажлыг хийхээр газар, шорооны ажлыг эхлүүллээ. Тодруулбал, хуучин Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Асиан сити” ХХК дээрх барилга барихаар ухсан нүхийг бөглөж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил хийж байна.