Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт өнгөрсөн ням гаригийн шөнө нэг гэр бүлийн хоёр хүнийг буудаж, нөхрийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарлаа. Тус сумын Баяндавааны зүүн энгэрт Худагийн ам гэдэг газар байдаг. Энэ аманд байдаг ашиглахаа больсон хар шороо, хайрганы карьерийн орчимд дээрх хэрэг гарчээ. Манай сурвалжлах хэсэг өчигдөр хэргийн газарт очиход цагдаагийнхан шархадсан болон амиа алдсан хоёр хүнийг, гэмт хэрэг үйлдсэн залуугийн хамт авч явсан байв.
Баяндавааны замын урд өвөлжиж, хаварждаг малчин айлын залуугаас хэргийн талаар асуухад “Чухам юу болж, ямар хүнийг хөнөөснийг мэдээгүй. Энэ хойд цайны газрын эзэн Э-ын хүргэн дүү Б.Нэргүй гэх залууг цагдаагийнхан авч явсан гэсэн. Цагдаа нар бололтой олон машинтай хүн хуучин карьерийн дэргэд өдөржин зогсож, нааш цааш явж байсан” гэлээ. Даваан дээр байдаг цайны газар, дэлгүүрийн эзэгтэй бололтой нэг эмэгтэй хэрэг үйлдсэн гэх залуугийнхаас гарч явж буйтай тааралдаж лавлахад “Би уржигдар Улаанбаатараас дуудагдаж ирээд байна. Чухам юу болсныг мэдээгүй. Хүүг нь баривчилж, хүний амь бүрэлгэсэн талаар ээжид нь битгий хэлээрэй гэж цагдаа нар хэлээд явсан байна.
Хэрэгт холбогдсон Б.Нэргүй айлын ганц хүү. Ээж нь 40 гаруй насны хүн бий. Та нар ээжтэй нь уулзаад дэмий байх. Учир нь ээж нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн. Тиймээс хүний амины хэрэг үйлдсэн талаар сонсоод цочролд орж, дахин хүний амь насны асуудал үүсэж болзошгүй” гэв. Ойр хавийн айлын хүмүүс ч ээж нь цочролд орж болзошгүй гээд биднийг гэрт нь очихгүй байхыг зөвлөсөн юм. Тэднийх хэрэг гарсан газраас холгүй өвөлжиж байгаа бөгөөд овоо хэдэн малтай аж.
Хоёр хүний аминд халдаж, нэгийг нь бүрэлгэсэн газар тэднийхээс холгүй юм байна. Уг карьер руу очиход газарт маш их цус асгарсан, буудуулсан хоёр хүн цусаа урсган нэлээд гүйсэн бололтой мөр байлаа. Бид тэндээсээ Төв аймгийн Эрдэнэ сумыг зорьж хэсгийн төлөөлөгчтэй уулзлаа. Тэрбээр сэжигтэн Б.Нэргүйг аймгийн Цагдаагийн газарт хүргэж өгөөд буцаж ирээд байсан юм. Тэрбээр “Энэ хэрэг хардалт, өс хонзонгийн улмаас болсон. Хэрэг гарсан өглөө эрт очиход Б.Нэргүй үстэй дээл, эсгий гутлаа өмсөн, хоол хүнс бэлтгээд буугаа авч уул руу зугтах гэж байсан. Бид амжиж очоогүй бол түүнийг алдчих байлаа” гэв.
Буудуулсан хоёр хүн нэг гэр бүлийнх бөгөөд нөхөр нь 49 настай Г, эхнэр нь 37 настай М гэдэг аж. Тэд Увс аймгаас тус суманд шилжин ирж, Таваг буудлагын үндэсний төвийн урд энгэрт өвөлжиж байгаа юм байна. Тэднийх гурван охинтой гэнэ. Хэрэгт холбогдогч Б.Нэргүй 1985 онд төрсөн, 26 настай, айлын ганц хүү аж. Тэрбээр нэлээд хөдөлгөөнтэй нэгэн бололтой. Өнгөрсөн жил Эрдэнэ суманд мотоцикльтой давхиж яваад осол гаргаж байжээ. Б.Нэргүй Г-гийн дунд охинтой хоёр жилийн өмнөөс үерхэж байгаад бие давхар болгоод орхисон аж.
Улмаар Баяндавааны цайны газрын эзний ХААИС-д сурдаг дүүтэй үерхэж, хүргэн оржээ. Хэрэг гардаг өдөр 14.00-15.00 цагийн үед талийгаач Г, эхнэр М-ын хамт Б.Нэргүйгийнд очжээ. Гэтэл тэрбээр эзгүй, малдаа явж байгаад нар шингэсний дараа ирсэн гэнэ. Энэ үед Г, М нар түүнд “Манай охинтой гэрлэ, эсвэл хоёр настай хүүхдээ өөрөө авч тэжээ” гэж хэлсэн юм байна. Харин Б.Нэргүй хар цагаан дуугүй байсаар нэлээд орой болгожээ. Малаа хотлуулж байх үед нь Г ганцаарчлан уулзаж, мөн л дээрх үгээ давтсан гэнэ.
Б.Нэргүй тэдэнд уурлаж, бухимдаж хэрүүл хийгээгүй ч өмнө нь мөн л ийм байдлаар дарамталж, шинэ гэр авахуулсныг нь бодсоор шөнө дунд хүргэсэн аж. 02.40 цагийн үед тэднийг дагуулан “Та нарыг замын унаанд суулгаж өгье” гээд гарсан ч шууд машин зам руу явсангүй, гэрээс зүүн урагш чиглэжээ. Г, М нар түүнээс “Машин зам руу явахгүй юм уу” гэхэд “Үгүй ээ. Уулын нөгөө аманд байгаа манай найзынх машинтай. Түүний машинаар та хоёрыг хүргүүлье” гэж хуурч явж байгаад карьерийн орчимд очингуутаа эхлээд нөхрийнх нь араас бууджээ.
Г буудуулчихаад 100 орчим метр газар цусаа дуслуулан зугтсан ч амиа алдсан байна. Харин эхнэр М нь буудуулсан газар дээрээ ухаан алдаж унажээ. Нэргүй малын сэг зэмээр дүүрсэн карьерийн хонхорт тэднийг хийж, цасаар булж орхижээ. Түүнийг явснаас хойш 30 орчим минутын дараа талийгаачийн эхнэр сэргэж, цагдаад дуудлага өгсөн юм байна.
Цагдаагийнхан өчигдөр талийгаачийн гэрт очиход бага хүүхэд нь гэрээ сахиад үлдсэн, зул барьж, өрхөө ч битүүлээгүй байсан гэнэ. Тэрбээр цагдаагийнханд “Аав нас барсан гэсэн, ээж эмнэлэгт, эгч сахиж байгаа” хэмээн ярьжээ. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Г.РАВЖАА