Өчигдөр Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс аймгийн нутгаар цас, бороо орж, Баян-Өлгий, Ховдод хүчтэй шороон шуурга шуурчээ. Улмаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумд 21.15 цагийн орчимд шуурганы эрч чангарч 25 метр/ секундэд хүрсэн гэнэ. Хүчтэй шуурганы улмаас нэг өрхийн гэр, биеийн тамир, спортын танхим, Улсын нөөцийн салбарын барилга болон хоёр орон сууц, гурван айлын байшингийн дээвэр нурсан аж.
Энэ тухай дуудлагыг өчигдөр 21.20 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Гамшигт үзэгдлийн мэдээг хүлээн авсны дараа тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дээрх газруудад ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.