Бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байх анхны Ерөнхийлөгчөө бид сонгох гэж байна. Харин тэр хүн өмнөх Төрийн тэргүүнүүдээс хамгийн “хүчгүй” нь байхаар буй. Учир нь 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн “Эцэг хууль”-д заасан хүрээнд хуулиар олгож болохоор тусгасан. Улмаар үүнд нийцүүлэн Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгоогүй олон эрхийг бусад хуулиар эдэлж байгаа нь гажуудал үүсгэх шалтгаан гэж үзсэн хэрэг. Тодорхой хэлбэл, өдгөө 69 хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн талаарх заалт бий бөгөөд эдгээрийн 23-т нь Үндсэн хуулиар олгоогүй зохицуулалтыг тусгасан байгаа юм. Тухайлбал, Авлигын эсрэг хуулийн 27.2-т зааснаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн 15 гишүүнийг Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаагаар томилж, ажиллах журмыг нь баталж буй.
Мөн олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүний дөрвийг нь Ерөнхийлөгч санал болгож байгаа. Энэчлэн Монгол хэлний, Ирээдүйн өв сангийн, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэх өдрүүдийн, Нийслэлийн эрх зүйн байдлын, Соёлын өвийг хамгаалах болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд зөвлөл, хороонд төлөөлөл санал болгох, заримынх нь бүрэлдэхүүнийг батлах гэх зэргээр Ерөнхийлөгчид бүрэн эрх олгосныг болиулах гэж байна.
Үүнээс гадна Гаалийн, Гамшгаас хамгаалах, Дипломат албаны, Дотоодын цэргийн, Хилийн, Цагдаагийн албаны, Тагнуулын байгууллагын, Төрийн аудитын болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар алба хаагчдад зэрэг дэв олгох, тангараг өргөх, тэр ч бүү хэл, дүрэмт хувцасных нь загвар, түүний эдэлгээний хугацаа, хэрэглэх журам, энгэрийн тэмдгийнх нь загвар батлах эрхийг ч Ерөнхийлөгчид олгосон байдаг. Нэгэнт энэ талаар Үндсэн хуульд заагаагүй тул эдгээрийг “Эцэг хууль”-д нийцүүлэхийн тулд Төрийн тэргүүний эрх, үүргээс шилжүүлнэ гэсэн үг. Жишээ нь, улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг УИХ-тай зөвшилцөн Ерөнхийлөгч томилох нь Үндсэн хуульд нийцэж байгаа ч прокурорын тангараг өргөх, зэрэг дэв тогтоох болон олгох журам, тэдний мэргэжлийн хийгээд ёс зүйн зөвлөлийн дүрэм, эл байгууллагын бэлгэдэл, далбаа, дүрэмт хувцас, энгэрийн тэмдгийн загварыг хүртэл Төрийн тэргүүн баталж иржээ.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга хэдхэн хоногийн өмнө Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг нэр бүхий хүмүүст олгосон. Магадгүй тэд салбарынхаа дээд цолыг Төрийн тэргүүний зарлигаар хүртсэн сүүлийн хүмүүс ч байж мэдэх нь. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нь долоон шатлал бүхий дипломат цолны хамгийн дээд нь бөгөөд үүний дараа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин байдаг. Эдгээрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээдэг юм. Харин дипломат бусад цолыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор Дипломат албаны тухай хуульд заажээ. Энэ нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй эрх гэж үзэж буй тул үүнийг өөрчлөхөөр ярьж байгаа юм билээ.
Түүнчлэн Элчин сайд нарыг УИХ-тай зөвшилцөн томилох, эгүүлэн татах хугацааг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Энэ нь Ерөнхийлөгчийн эрхийг багагүй хязгаарлана гэсэн үг. Нэн ойрын баримт гэвэл, Элчин сайд Ё.Отгонбаяр 2018 оны гуравдугаар сард Төрийн тэргүүнээс итгэмжлэх жуух бичгээ авч, АНУ-ыг зорьсон. Ё.Отгонбаяр жил гаруй хугацаанд эх орондоо “саатуулагдсаны” эцэст ажилдаа орсон нь тэр. Магадгүй Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үед АНУ-д албан ёсны айлчлал хийхээргүй байсан бол түүнд итгэмжлэх жуух бичгийг нь өгөхгүй байхыг үгүйсгэхгүй гэсэн яриа байсан. Гэвч тэр бас ч гэж азтай. Түүнтэй хамт УИХ-аар орж, дэмжлэг хүлээн, Япон, Канадаас агреманыг нь хүртэл хүргүүлээд байсан Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаар явуулаагүйг санаж буй биз ээ. Ё.Отгонбаяр Элчин сайдаар ажиллаад гурав дахь жилтэйгээ золгож байхад нь буюу энэ оны гуравдугаар сард Төрийн тэргүүн эгүүлэн татах зарлиг гаргасан.
Цаашлаад Үндсэн хуулийн 38.2.8-д “төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх” үндсэн бүрэн эрхийг Засгийн газарт олгосны дагуу Ерөнхийлөгч энэ талаар санал, санаачилга гаргах, байр сууриа илэрхийлэх, төрийн дээд түвшний, олон улсын арга хэмжээнд оролцох хязгаарыг нь ч тодорхой болгох сурагтай. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн гадаад харилцааны талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газартай зөвшилцөх замаар бодлогын нэгдмэл байдлыг хангах талаар хуульчлах гэнэ.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч нэгэн өчигдөр сурталчилгаагаа эхлүүлэхдээ “Ерөнхийлөгч бол ҮАБЗ-ийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг” гэж онцлоод, шүүх, прокурорын байгууллагыг цэгцэлж, гадаад харилцааны салбарт Төрийн тэргүүний гол ажил төвлөрдөг хэмээн дурдана лээ. Тэгвэл Үндсэн хуулийн 38.6-д Засгийн газрын бүрэн эрхийг хуульчлахдаа “улсын батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах” хэмээн заасантай холбоотойгоор ҮАБЗ-ийг даргалах үүргийг гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу Ерөнхий сайдад шилжүүлэхээр Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөлд тусгах нь. Ингэхдээ олон улсад парламентын засаглалтай орнуудад ҮАБЗ нь гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг нийтлэг жишигт нийцүүлэх нь зүйтэй хэмээн тайлбарлаж байна.
Ерөнхийлөгчийн хувьд томилгоо хийх эрх нь нэлээд анхаарал татдаг. Дээр дурдсанчлан улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох нь түүний бүрэн эрх ч өдгөө Прокурорын тухай хуулийн 46.6.4-т зааснаар буюу ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн тэднийг хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон нь эл зохицуулалтыг баталсан цагаас шүүмжлэл дагуулж буй. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр түрээ барьж, дураараа дургих боломж олгосон гэгдэж буй эл зохицуулалтыг 2019 онд баталсан бөгөөд хууль, хяналтын бусад байгууллагын удирдлагад ч хамаатай байгаа билээ.
Үнэндээ эрх мэдлийг шилжүүлэх ажил хэдийн эхэлсэн. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Ингэснээр тус комисс таван гишүүнтэй ажиллаж байна. Мөн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх болон хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн нэг нэг гишүүн ажиллана. Үндсэндээ Хүний эрхийн үндэсний комисс долоон гишүүнтэй гэсэн үг. Өмнө нь буюу 2000 оноос хойш гурван гишүүнтэй ажиллаж ирсэн бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Дээд шүүх тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэн, парламентаас томилдог байв. Харин одоо томилохоос гадна нэр дэвшүүлэх эрх нь ч УИХ-д шилжсэн гэж хэлж болно.
Мөн Шүүхийн тухай хуулийг энэ онд шинэчилж, гуравдугаар сараас мөрдсөн. Эл хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнтэй байсан бол одоо 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Хуулийг шинэчлэхээс өмнө тэднийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбоо болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг нэг хүн санал болгосныг Ерөнхийлөгч томилж байлаа. Тэгвэл одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнээс тавыг нь нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тэдгээр таван гишүүнийг “шүүгч бус” хэмээн тодорхойлж буй бөгөөд сонгон шалгаруулах ажлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг хариуцна. Ер нь бол Шүүхийн ерөнхий зөвлөлд таван хүн томилж байсан Ерөнхийлөгчийн эрхийг УИХ өөртөө авчихаад байгаа хэрэг. Нөгөө тав буюу шүүгч гишүүдийг хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр хүнийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох тул Ерөнхийлөгчид ямар ч хамаагүй гэсэн үг.
Шүүхийн сахилгын хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байна. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбоо, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гурав гурван хүнийг нэр дэвшүүлдэг байсан бол одоо тавыг (шүүгч бус) нь дээрхийн адил нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ томилох юм. Харин бусдыг нь хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож тодруулах ёстой. Ёс зүйн хороо байхад даргыг нь томилохоос авхуулаад ажиллах дүрмийг нь хүртэл баталдаг байсан Ерөнхийлөгчийн эрх, оролцоог ийнхүү хумьсан юм. Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг томилохтой холбоотой Шүүхийн тухай хуулийн заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн учраас эл эрх мэдэл хаашаа шилжих нь хараахан тодорхойгүй болчихоод буй. Түүнчлэн АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх Ерөнхийлөгчийн эрх үгүй болсныг эргэн сануулъя. Эл байгууллагын даргыг Ерөнхий сайд, дарга нь дэд даргаа санал болгосноор УИХ томилохоор хуульчилсан билээ.