Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх П.Тодбилгүүн, Г.Болдбаатар нарын 16 хүнд холбогдох хэргийг хэлэлцлээ. Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-нд Баянзүрх дүүргийн V хорооны нутаг, “АО Жаргалант” ХХК-ийн хашаанд барилга барьж байсан БНХАУ-ын иргэн Ү Зин Чунг боомилон хөнөөж, хамт байсан Жан Жаовиныг зодож гэмтээн, 1.5 сая төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдсэн юм.
Тэдэнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн, УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн хуулийн хугацаанд шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн аж.
Мөрдөн байцаалтын явцад дээрх 16 хүн 2007 оноос эхлэн бүлэглэн хулгай, дээрэм, танхай, хүчингийн гэмт хэрэг үйлдэж, улмаар Сонгинохайрхан дүүрэгт хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас оргосон нь тогтоогджээ.
Энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Чулуунбаатар хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн юм байна. Баянзүрх дүүргийн шүүхээс дээрх 16 залууд чанга дэглэмтэй хорих ангид 20-иос дээш жил хорих ял оноолоо.
Г.Равжаа