Хан-Уул дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар олгож, барилга барих нэрээр голын бургасанд аюул учруулж байгаа асуудлаар бид өмнө нь мэдээлж байсан. Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг аж. Үүнээс 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ. Түүнчлэн зарим барилгын компани шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургаснууд дээр асгаж, гэмтээж байгаа юм. Эл асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нийслэлийн засаг даргад өчигдөр шаардлага хүргүүлсэн. Тэгвэл өмнө нь хоёр ч удаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх газруудад мэдэгдэл хүргүүлсэн гэнэ. Түүнчлэн хууль, дүрмийн хүрээнд ажиллахгүй байгаа дээрх 19 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг нь цуцлах арга хэмжээ авлаа.