Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ган энх” дэлгүүрийн худалдагчийн амь насыг хэрцгийгээр бүрэлгэн эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг өнгөрсөн лхагва гаригт гарчээ.
Гэмт хэргийн мэдээллийн дагуу ЭЦГ, УМБГ, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хамтран шуурхай ажиллаж, хохирогчийг Завхан аймгийн Завханмандал сумын харьяат нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, 2006 онд Завхан аймгаас Улаанбаатарт шилжин ирж, энэ сарын 14-нөөс дээрх дэлгүүрт худалдагчаар ажилд орсон Ж.А гэгч болохыг тогтоосон байна.
Цагдаагийн ажилтнууд энэ хэргийг харсан байж болзошгүй олон хүнээс тайлбар мэдүүлэг авч, эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд шуурхай зохион байгуулснаар гэмт этгээдийг Дархан-Уул аймагт очоод байхад нь баривчилжээ.
Уг хэргийг А гэдэг, Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суудаг 22 настай залуу үйлдсэн нь эд мөрийн баримтаар нотлогдож буй гэнэ. Гэмт этгээд дэлгүүрийн орлогын мөнгийг нь дээрэмдэхийн тулд хохирогчийг 10 гаруй удаа хутгалан хөнөөж, дэлгүүрийн лангуун дор байсан 270 мянган төгрөг авснаа мэдүүлсэн гэнэ.
Г.РАВЖАА