Туул, Сэлбэ, Улиастай голын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Усны тухай хууль, тогтоомж зөрчиж, төлөв байдлыг алдагдуулж байгаад хяналт тавих, таслан зогсоох зорилгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн алба, Туул голын сав газрын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар хамтран хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа. Шалгалтаар голын онцгой хамгаалалтын бүсэд эзэмшил газраасаа хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа барьж ашиглах, хог хаягдал үүсгэх, автомашин угаах зэрэг нийтлэг зөрчлийг илрүүлсэн байна.
Дээрх зөрчилд холбогдох 12 заалт бүхий зургаан албан шаардлагыг хүргүүлэн, биелэлтэд хяналт тавьжээ. Мөн өмнөх жилүүдэд Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах голын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдын тушаал, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох тухай саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байгаа хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.