Нийслэлийн Засаг даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдрийн А/338 дугаар захирамжийн дагуу Туул голын эрэг орчмын дөрвөн байршилд иргэд, олон нийтийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай зөв боловсон өнгөрөөх талбайн төлөвлөлтийн шийдлийг олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор 20 сая төгрөгийн шагналын сантай концепц, загвар зураг боловсруулах уралдааныг өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 20-ны хооронд зохион байгуулсан билээ.
Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутан, залуучууд оролцож, найман бүтээлийг ирүүлсэн гэнэ. Нийт бүтээлүүдийг энэ сарын 23-ныг дуустал нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж, иргэд, олон нийтээс санал авах юм байна. Улмаар уралдааныг дүгнэх комисс хуралдаж удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, нэгдсэн үнэлгээг гаргаснаар ялагч тодрох юм. Иргэд https://home.uda.ub.gov.mn/?p=9884 хаягаар нэвтэр дээрх бүтээлүүдэд саналаа өгч болох аж.