УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төслийг танилцуулсны дараа гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.
Н.Алтанхуяг: -Хуульчдыг бэлтгэж байгаа сургалтын систем нь буруу байна. Эчнээгээр эрхзүйч мэргэжил эзэмшдэгийг болиулж, нэршил, ойлголтыг нь өөрчлөх хэрэгтэй. Бакалаврын сургалтаар хуульч бэлтгэхгүй болох тухайд ямар байр суурьтай байна вэ. Өөр мэргэжлээр суралцсан хүнийг дахин чадавхжуулах байдлаар бэлтгэдэг жишиг тогтсон. Хуульч бол салбар бүрийн мэдлэгтэй байх ёстой.
Х.Нямбаатар: -Эчнээ болон оройн ангийн сургалтаар эрхзүйчийн бакалавр зэрэг олгохгүй байхаар төсөлд тусгасан. Хөтөлбөрийг нь магадлан итгэмжилсэн их, дээд сургууль л эрхзүйч мэргэжлээр бакалаврын зэрэг олгохоор заасан. Монголын хуульчдын холбоо (МХХ)-г хуульчдын өөрийн удирдлагын байгууллага гэдэг утгаар нь харж, боловсон хүчнийг бэлтгэх, сонгон шалгаруулах, урт хугацааны сургалтад хамруулах, удирдлагаа оновчтой хэрэгжүүлэх, хуульчдыг бэлтгэх сургалтын хөтөлбөрийн агуулгад тодорхой болзол, шалгуур тавих боломж олгоно. ОХУ-ын Үндсэн хуулийн цэцийн даргаар олон жил ажилласан нэгэн эрхэм “ОХУ-д гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамгийн багадаа хувийн эрх зүйн салбарт 6000 хуульч хэрэгтэй” гэсэн байдаг. Тиймээс багц цагийн хичээлийн 30-аас доошгүй хувьд нь хувийн, иргэний, бизнесийн эрх зүйн чиглэлийн агуулгыг судлуулах шаардлага хуульч бэлтгэдэг их, дээд сургуулиудын хөтөлбөрийн стандартад тусгах ёстой.
Н.Алтанхуяг: -Өөр мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн хүнийг хуулийн чиглэлээр дахин сургах системийг бусад улс аль хэдийн нэвтрүүлчихсэн. Ерөнхий боловсролын сургууль төгссөн, амьдралын үнэн мөнийг таниагүй хүүхэд хууль судалж, мэргэжил эзэмшин, бусдын асуудлыг шүүж, шийдэх нь ямар үр дүнд хүргэх вэ?
Х.Нямбаатар: -Мэргэшсэн хуульчдыг бий болгох чиг хандлага нэвтрүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Тиймээс хуульчдыг бизнесийн, нийтийн эрх зүйн, бүр нарийвчилбал, татварын, газрын, нийгмийн даатгалын маргааны чиглэлээр төрөлжүүлэн бэлтгэх сургалтын хөтөлбөр, агуулгыг МХХ-ноос боловсруулж, их, дээд сургуулиудыг магадлан итгэмжилдэг байхаар зохицуулалт тусгалаа.
Ж.Сүхбаатар: -Шүүхэд мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Тамгын газрын дарга, нарийн бичгийн даргаар ажилласан бол хуульчаар ажилласанд тооцохгүйгээр төсөлд тусгажээ гэж нэг иргэн надад уламжилсан. МХХ-нд харьяалагддаг хэчнээн хуульч байна вэ?
Б.Баасандорж (ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга): -Хуульчаар ажилласанд тооцох албан тушаалын жагсаалтыг МХХ-ны Удирдах зөвлөл батална. Тус холбоонд бүртгэлтэй 6158 хуульч бий. Үүнээс шүүгч 518, прокурор 522, өмгөөлөгч 2613, нотариатч 277 байна.
Д.Ганбат: -МХХ мэргэжлийн, олон нийтийн байгууллагын аль нь юм бэ. Тус холбоо нь үнэхээр хуульчдыг төлөөлсөн, эрх ашгийг нь хамгаалж, хөгжүүлэхэд нь чиглэн ажиллаж чадах уу. Хэтэрхий их эрх мэдэл төвлөрүүлэх вий.
Б.Баасандорж: -МХХ нь төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж байгаа нийтийн эрх зүйн этгээд. Өөрөөр хэлбэл, тус холбооны шийдвэрийн талаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой. Хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах, хуульчид тавих нийтлэг шаардлагыг тогтоох, хуульч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх гэсэн гурван үндсэн чиг үүргийг дээрх холбоо хэрэгжүүлнэ. 2013 онд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд магадлан итгэмжлэлийн талаар тусгасан байдаг ч өнөөдрийг хүртэл огт хэрэгжүүлээгүй. Их, дээд 15 сургуульд эрхзүйч бэлтгэж байгаа. Эдгээр нь өөр өөр сургалтын хөтөлбөртэй.
Х.Баделхан: -Төрийн бус маш олон байгууллага бий. Тиймээс сонгон шалгаруулалт зарлан, төрийн зарим чиг үүргийг хариуцуулдаг. Хуульчдыг төлөөлсөн ганцхан холбоо байдаг юм уу. Өөр байгууллагад зарим чиг үүргийг нь шилжүүлж болох уу. Төрийн бус байгууллагуудыг цэгцлэх чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн. Үүнийг хэзээ өргөн барих вэ?
Б.Баасандорж: -Өмнө нь хуульчийн сонгон шалгаруулалтыг ХЗДХЯ хариуцдаг байсан. Харин 2013 оноос хойш МХХ үүнийг гүйцэтгэж ирсэн. Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх зэрэг төрийн зарим чиг үүргийг тус холбоо хариуцдаг. Эдгээрийг өөр төрийн бус байгууллага хэрэгжүүлэх боломжгүй.
С.Бямбацогт: -Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх нь зөв. Гэхдээ төрийн бус нэг байгууллагад тодорхой эрхийг давамгайлуулан олгох нь сөрөг үр дагавартай. Тиймээс төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ энэ чиглэлийн зохицуулалтад анхаарна. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн юм билээ.
Л.Мөнхбаатар: -Хуульч, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Шүүгч, прокурор, өмгөөлөгч буюу шүүх эрх мэдэлтэй хамааралтай ажиллах хүнд тусгай зөвшөөрөл олгох ёстой. Энэ төсөлд зааснаар бол нотариатч, шүүгчийн туслах, их сургуулийн багш, төрийн байгууллагад хуульчаар ажиллаж байгаа хүмүүсийг хуульч гэж ойлгох нь. Жишээ нь, нотариатч шүүхийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй учир эрхзүйч байхад л хангалттай. Тиймээс ойлголтын ийм зөрүүг төсөл боловсруулах шатанд анхаарч, арилгах хэрэгтэй. Хуульчийн баримтлах зарчмыг төсөлд тусгажээ. Өмгөөлөгч үйлчилгээ үзүүлж буй тухайн хүнээс, их сургуулийн багш удирдлагаасаа хамааралтай байх учир хараат бус байх зарчмыг яаж баримтлах юм бэ?
Б.Баасандорж: -Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдгийг тодорхойлсон заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц 2015 онд дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүгч, прокурор, өмгөөлөгчийн ажлыг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамааруулдгийг хүчингүй болгосон гэсэн үг. Шүүгч, прокурор, шүүгчийн туслахаар ажиллаж байгаа, мөн нотариатч, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, төрийн байгууллагад хуульчаар ажиллаж байгаа бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамааруулахаар төсөлд тодорхойлсон. Гэхдээ төслийг гүйцээн боловсруулах явцад үүнд анхаарна.
Б.Энхбаяр: -Хуульчдын төлсөн хураамжаар МХХ санхүүждэг. Нэг хуульч жилд 100 мянга гаруй төгрөгийн хураамж төлдөг. Хэдэн жилийн өмнө тус холбооны дансанд 600-700 сая төгрөгийн үлдэгдэл байдаг байсан. Одоо хэчнээн төгрөгийн чөлөөт үлдэгдэлтэй байна вэ. Уг хөрөнгийг банканд хадгалуулж, хүүгээр нь “амьдардаг” хүмүүс бий болсон гэх. МХХ-ны их хурлыг будилаантай зохион байгуулдаг. Аль олон хуульчийн саналыг хуйвалдаж авсан нь ерөнхийлөгч болдог. Ийм байдлыг таслан зогсоох чиглэлээр хуулийн төсөлд юу ч заагаагүй байна.
Б.Өнөмөнх (МХХ-ны ерөнхийлөгч): -Одоогийн хуулийн дагуу МХХ-ны ерөнхийлөгч холбооны санхүүтэй холбоотой асуудалд оролцдоггүй. Холбооны үе үеийн ерөнхийлөгч нар хуульчдын нийгмийн асуудлыг шийдэх, танхим барих зорилгоор тодорхой хөрөнгө хадгалуулж ирсэн. Үүний үр дүнд нэг тэрбум орчим төгрөгийн хадгаламжтай болсон. Уг хөрөнгийг юунд зарцуулахыг Удирдах зөвлөл шийддэг гэв.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Гишүүдийн олонх уг хоригийг хүлээн авахгүй гэдэгт санал нэгдсэн юм.