2008 оны долдугаар сарын 1-ний нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн 532 алба хаагч хүнд ,хөнгөн гэмтсэн. Тэдний 32 нь эмнэлэгт ухаангүй хүргэгджээ. Дээрх 532 цагдаагаас 397-г хохирогчоор тогтоож, тайлбар мэдүүлэг авсан байна. Өдгөө тэдний зарим нь ажлаа хийж чадахгүй байгаа төдийгүй, хуучнаар Эргүүл хамгаалалтын газрын эргүүлийн цагдаа, 31 настай Ш.Эрдэнэ-Очир үймээний үеэр авсан гэмтлээсээ болж энэ сарын 9-нд нас баржээ.
Тэрбээр тухайн үед тархиндаа гэмтэл авсан бөгөөд Шүүх эмнэлгийн шинжээчид хөнгөн гэмтэлтэй хэмээн дүгнэлт гаргасан байж. Гэвч түүний гэмтэл нь эдгээгүй, сүүлдээ хавантай болж, цус хуралт үүссэн байжээ. Тэрбээр тархины гэмтлээсээ болж хөдөлмөрийн чадвараа алдан ажлаасаа гарч, гэртээ сууж байжээ. Түүнд хөнгөн гэмтэлтэй гэж төр засгаас нэг удаад 750 мянган төгрөгийн буцалтгүй тусламж өгснөөс биш өөр ямар ч эмчилгээний зардал энэ тэрийг олгоогүй гэнэ. Гэмтэж бэртсэн бүх алба хаагчид төрөөс анхаарал тавиагүй аж.
Талийгаачийн хувьд нэг ширхэг нь 80 мянган төгрөгийн үнэтэй, нэг курстээ найман ширхгийг тариулдаг тархины хаван хөөх, цус хуралтыг шимэгдүүлэх үйлчилгээтэй тариа хэрэглэх хэрэгтэй байсан юм байна. Уг тариаг жилд дөрвөн удаа гурван сарын зайтай тариулах ёстой байдаг аж. Гэвч талийгаач ажлаасаа халагдсан, нэг удаагийн буцалтгүй тусламж 750 мянган төгрөг нь хаанаа ч хүрэхгүй дууссан болохоор эмчилгээгээ хийлгэж чадахгүй байсаар нас барсан талаар Цагдаагийн ар гэрийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Талийгаач удам дамжсан цагдаа, ах дүү нар нь гэр бүлээрээ цагдаагийн албанд зүтгэсэн нэгэн бөгөөд 0-10 насны хоёр хүүхэд, эхнэр нь үлдсэн юм байна. Талийгаач Ш.Эрдэнэ-Очиртой адил оноштой, хөнгөн гэмтэлтэй гэсэн дүгнэлттэй олон цагдаа ажлаа хийж яваа бөгөөд зарим нь ажлаа хийж явах үедээ унаж татан ухаан алддаг болоод байгаа гэнэ. Ийм байдлаар ажлаа хийж чадахгүй болсон цагдаагийн цөөнгүй алба хаагч байдаг бөгөөд зарим нь дунд тушаалын офицеруудаасаа өвчнөө нуугааад ажлаа хийж байгаа бол цөөнгүй нь групп тогтоолгон ажлаасаа гарчээ.
Цагдаагийн ар гэрийн холбооныхон болон гэмтэж бэртсэн цагдаа нарын эцэг эх, цагдаа нарын зүгээс төр засагт хандан “2008 оны долдугаар сарын 1-ний нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан гэм буруутай этгээдүүдээр хохирлыг төлүүлэх, эсвэл төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж яваад гэмтэж бэртсэн цагдаа нарт бүх насаар нь байг гэхэд тэтгэвэрт гартал нь цалинг нь олгох системийг Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж, эрүүл болоод ажилдаа ороход нь ажлын байрыг нь хадгалах, гадаад, дотоодод эмчлүүлэх зардлыг гаргах, хөнгөн ажилд томилуулах талаар хүсэлт тавьж байгаа юм.
Өдгөө гэмтэж бэртсэн цагдаа нарыг дунд тушаалын офицерууд нь “Ажлаа хийж чадахгүй бол групптээ гар, миний төлөө гэмтсэн биш юундаа ялархаад байгаа юм бэ” гэх мэтээр дарамтлах явдал цөөнгүй гарч байгаа аж. Энэ байдлаас болж хөл рүүгээ хашааны төмрөөр шорлуулсан, нэг нүдний нь хараа 70 хувь алдагдаж, нөгөөдөө нөлөөлсөн, тархи, нуруу нугасандаа гэмтсэн цагдаагийн алба хаагч өвчнөө нуун ажилласаар байгаа юм. Заримынх нь гэр бүл “Төрийн төлөө зүтгэсэн гээд төр чамайг яаж харж үзсэн юм бэ” гэх мэтээр маргаан үүсгэх явдал ч буй аж. Тиймээс гэмтэж бэртсэн цагдаа нар болон ар гэрийнхэн нь УИХ-ын дарга, гишүүдэд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан өнгөрсөн сарын 25-нд хүсэлт тавьсан ч өнөөг хүртэл хариу нь таг чиг байгаа юм байна.