БНСУ-ын 13 иргэн манай улсаас их хэмжээний алт авч гарах гэж байгаад баригдсан. Тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. “Зайлшгүй тодруулах зүйл байгаа учраас ийнхүү нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан” гэж НПГ-ын эх сурвалж мэдээлэв. “БНСУ-ын ЭСЯ-ныхан 13 иргэнтэйгээ холбоотой асуудлаар шүүх, прокурорынхонтой уулзсан юм билээ.
Хууль хяналтын байгууллагын ажилтнууд “Манай улсаас авч гарсан алтыг буцааж авчирсны дараа хэргийг шийдвэрлэнэ” гэж хэлсэн дуулдсан. БНСУ руу гаргасан гурав орчим кг алтыг буцааж авчиртал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тус улстай манай улсын байгуулсан Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу манай улсаас хууль бусаар гаргасан эд зүйлийг шилжүүлэн өгөх ёстой.
Тиймээс манай тал алтаа авах хүсэлт тавиад байгаа ч тус улсаас хариу ирүүлээгүй байна” гэв. БНСУ-ын 13 иргэн өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд Улаанбаатар Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчих гэж байсан бөгөөд тэд шулуун гэдсэндээ 13.3 кг алт нууж авч гарахыг завдсаныг ТЕГ-ын ажилтнууд илрүүлсэн билээ. Энэ хэрэгт дээрх 13- аас өөр хүмүүс ч холбогдсон.
Тус улсын харьяат гурван хүн Буянт-Ухаагаас хөөрсөн “Кореан эйр” компанийн онгоцонд алтаа нууж гарган, БНСУ руу явуулсныг тухай үед цагдаагийнхан хураан авчээ. Улмаар манай хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ хэмээн амласан ч өнөөг хүртэл чимээгүй байгаа гэнэ.