Хүн амынхаа 54.2 хувийг дархлаажуулалтад хамруулсан үзүүлэлтээр манай улс дэлхийд хоёрдугаарт бичигджээ. Нэгдүгээрт Израил Улс жагссан байна. Энэ нь иргэдээ вакцины нэгдүгээр тунд хамруулсан үзүүлэлт юм. Цар тахлын статистик мэдээллийн гол эх сурвалжуудын нэг болж буй, дэлхийн томоохон их сургуулиудын эрдэмтдээр багаа бүрдүүлсэн “Our world in data” цахим хуудсанд ийнхүү тэмдэглэжээ. Мөн хүн амын 19.6 хувь нь хоёр дахь тунг тариулж, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан үзүүлэлтээр манай улс тавдугаарт бичигдсэн байна. Өмнөх байруудад Израил, Бахрейн, АНУ, Унгар жагсжээ. Хүн амынхаа 60 хувийг вакцинд бүрэн хамруулбал сүргийн дархлаа тогтож, цар тахлын тархалт хумигдах боломжтой гэж ДЭМБ үзэж буй.
Улсын хэмжээнд энэ сарын 17-нд 19 374 иргэн вакцин хийлгэжээ. Үүнээс 8590 нь нийслэлд, 10 784 нь орон нутагт дархлаажуулалтад хамрагдсан. Одоогоор зорилтот бүлгийн буюу 18-аас дээш настай иргэдийн 86.7 хувь нь эхний, 31.5 хувь нь хоёр дахь тунг тариулжээ. Нийслэлийн иргэдийн 97, орон нутгийнхны 77 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан аж. Иргэд вакцинд идэвхтэй хамрагдсан ч санаа амрах болоогүй, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор А.Амбасэлмаа хэллээ. Тэрбээр “Эхний тунг хийлгээд тайвширч болохгүй. Хоёр дахь тунг хийлгэснээр дархлаа тогтоно. Шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүний тоо буураагүй. Тиймээс хүн бүр өвчлөх эрсдэлтэйг анхааруулъя. Хүн амын олонх нь вакцинд бүрэн хамрагдаж, дархлаа тогтох хүртэл халдвар хамгааллын дэглэм сахиж чадвал бид дулааны улиралд амны хаалт зүүх шаардлагагүй болж магадгүй” гэв. Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийг насны бүлгээр нь ангилсныг графикт үзүүллээ. Одоогоор 65-69 насныхан бүрэн хамрагдсан бол 85-аас дээш насныхны үзүүлэлт хамгийн бага буюу 75.7 хувьтай байна.
Бэлтгэсэн: М.Оч