Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нэгдүгээр сарын статистик гарчээ. Энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 1852 гэмт хэрэг гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 228-аар буюу 14 хувиар, нийслэлийн хэмжээнд 99 хэргээр буюу 10.6 хувиар өсчээ. Бүх гэмт хэргийн 55.9 хувь нь нийслэлд, 42.3 хувь нь аймгуудад гарсан байна.
Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Хэнтий, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Архангай, Говьсүмбэр аймагт 5.0-100 хувиар, Ховд аймагт 2.3 дахин, нийслэлд 10.6 хувиар, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Налайх дүүрэгт 5.3-50.0 хувиар, Иргэний агаарын тээврийн салбарт хоёр дахин өсчээ.
Гарсан хэргийн 40.8-ыг хөнгөн, 47.8-ыг хүндэвтэр, 9.8-ыг хүнд, 1.6 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж байна. Хөнгөн гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 14, хүндэвтэр гэмт хэрэг 10.8, хүнд гэмт хэрэг 31.1, онц хүнд гэмт хэрэг 25 хувиар тус тус өссөн байна. Малын хулгайн хэрэг 138 гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 89 хувиар өсч, нийт хэргийн 7.4 хувийг, бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийн 28.6 хувийг эзэлж байгаа бол тээврийн хэрэгсэл хулгайлах хэрэг ес байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувиар өсч, хулгайлах хэргийн 1.8 хувийг бүрдүүлж, халаасны хулгайн хэрэг 33 бүртгэгдэж, хулгайлах хэргийн 6.8 хувийг эзэлжээ.