Уур амьсгалын хурдацтай өөрчлөлтөөс үүдэн байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал алдагддаг билээ. Сүүлийн тавиад жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, энэ нь байгаль, цаг агаарын гаралтай гамшигт үзэгдэл болон ган, зудын давтамж ихсэх, цөлжилт, усны нөөц, биологийн олон янз байдал хомсдох зэргээр нийгэм-эдийн засаг, ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх боллоо.
Манай орны газар нутагт ган, зуд, аадар бороо, мөндөр, хүчтэй цасан болон шороон шуурга, үер зэрэг байгаль, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж, эрчимтэй нэмэгдэж, улмаар хүн амын осол, эндэгдэл мэдэгдэхүйц өсөн, нийгэм, эдийн засагт учруулах хор хохирлын хэмжээ сүүлийн 20 гаруй жилд 2-3 дахин нэмэгдсэн болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Тодруулбал, 2009 оноос хойш байгалийн гамшгийн улмаас 11.5 сая мал хорогдож, 2.789 хүн эндэж, 1.2 их наяд төгрөгийн хохирол учруулсан байна.