УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзаж Монголын ард түмнээс цугларсан хандивыг хүлээлгэн өгчээ.
Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын аяныг бүлгийн дарга Б.Саранчимэг санаачлан "TogetherForIndia" уриалга гаргаж, иргэн Г.Ганбат болон “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-тай хамтран зохион байгуулсан юм. БНЭУ-ын Засгийн газраас цар тахлын хүнд цаг үед “КОВИД-19”-ийн эсрэг анхны 150 мянган тун Оксфордын AstraZeneca вакциныг буцалтгүй тусламжаар Монгол Улсад олгосноор дархлаажуулах ажил эхлүүлж байсан билээ.
Б.Саранчимэг "Энэтхэг Улсын ард түмний сайхан сэтгэлд монголчууд бид талархдаг. Хэдийгээр манай улсад цар тахлын нөхцөл байдал хэвээр байгаа ч өнөөдөр БНЭУ-д цар тахал онц аюултай хэмжээнд хүрээд байна. Монголын олон зуун иргэд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байж, тусламжийн аян өрнүүлж эхэлсэн. Энэ бүхэн Монгол, Энэтхэгийн найрамдал нөхөрлөл хэчнээн бат бэхийг харуулж байгаа бөгөөд манай хоёр орны ард түмэн энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд Монгол Улсын Засгийн газраас Энэтхэг Улсад нэг сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мөн уламжлав.
Уриалгын хүрээнд өрнөсөн хандивын аянд нийт 968 иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон УИХ-ын гишүүдээс 155 сая 641 мянга 720 төгрөг цугларчээ.