Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомт буюу хилийн 0108 дугаар тусгай ангийн ахлах офицерууд энэ сарын 4-нд буюу шинийн 1-нд бие биенээ хутгалсан хэрэг гарсан гэж орон нутгаас мэдээлэв. Тус ангийн Соёл хүмүүжил эрхэлсэн орлогч, дэд хурандаа Очирсүх, Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтын дарга, хошууч Батсуурь нар архи уусан үедээ маргалдсанаас ийм хэрэг гарчээ. Тэдний нэг нь даландаа, нөгөө нь гуяндаа хутгалуулсан аж.
“Замын-Үүдийн Чөлөөт бүсийн Засгийн газрын төлөөлөгч Ч.Баатар энэ талаар мэдэж байгаа. Хууль хяналтын байгууллагад шалгуулах гэсэн ч орон нутгийн цагдаа, хүчний байгууллагынхан асуудлыг шалгахгүйгээр аргалаад өнгөрөх гэж байна” хэмээн эх сурвалж мэдээлсэн.
Ч.Баатараас юу болсон тухай лавлахад “Энэ тухай сонсоогүй юм байна” гэсэн хариулт өгөв. Дорноговь аймгийн Замын- Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн албаны хүнээс тодруулахад “Шинийн 1-нд хилийн 0108 дугаар ангийн зарим дарга нар зодолдсон нь үнэн. Тэд бие биенээ ноцтой гэмтээж шархдуулаагүй, эр хүмүүсийн хооронд байдаг энгийн нэг маргаан байсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан” гэлээ.
Энэ асуудлыг шалгахаар ХХЕГ-аас Ажлын хэсэг явсан гэсэн мэдээлэл байгаа ч тус газрын ОНХА-наас “Манай шуурхай жижүүрт бие биенээ хутгалж гэмтээсэн тухай мэдээлэл ирээгүй. Дорноговь аймаг руу Ажлын хэсэг явах нь явсан. Гэхдээ тэд өөр ажлаар ажиллаж байна” гэсэн юм.
Хилийн 0108 дугаар тусгай ангийн штабын дарга, дэд хурандаа Батбаатар “Ийм асуудал болсон нь үнэн. Бид энэ асуудлыг цаг тухайд нь ХХЕГ-т мэдэгдсэн. Тиймээс тодорхой мэ дээлэл өгөх боломжгүй” гэв.
Г.ЦОЛМОН